Нийслэлиийн ИТХ-ын дарга ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын даргатай уулзлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Ардын хурлын дарга М.М.Гершевич Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга М.М.Гершевич болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга Буриад улсын төлөөлөгчдөд хурэлцэн ирсэнд талархал илэрхийлж, НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, шийдвэрлэж буй асуудлуудыг танилцуулж, хоёр орны жуулчны компаниудын форумыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг тавив.
Харин ноён М.Гершевич “Орос Монгол улсын Ерөнхийлөгчийн уулзалтын дараа хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, сүүлийн жилүүдэд бага зэрэг бүдгэрээд байсан худалдаа наймаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжих нөхцөл бүрдэж байна. Танай улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Цаашид Буриадын талаас Улаанбаатар – Улаан-Үд хооронд 20 хүний суудалтай нислэгийг сэргээхээр хэлэлцэж, төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Түүнчлэн автозамын логистикийг хамтран хөгжүүлэх, байгалийн хий хийжүүлэх, Монголоос Улаан-Үдийн махкомбинатад мах нийлүүлэх асуудалд хамтран ажиллахад бэлэн байгааг онцоллоо.