Хүүхдийн ардын урлагийн наадмын нэгдсэн тоглолт болно

2014 оны 11 сарын 27

Хан-Уул дүүргийн соёлын ордон үндэсний хувцсаараа гоёсон бяцхан хүүхдүүдийн хөлд дарагдаад байна. “Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төв” ТББ, түүний дэргэдэх “Миний гэр” цэцэрлэг хамтран Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийг дэмжих хүрээнд нийслэлийн 4-8 насны хүүхдийн дунд Ардын урлагийн наадмыг зохион явуулжээ. Нийслэлийн 5 дүүргийн 140 гаруй хүүхэд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор энд цугласан бөгөөд тэд ерөөл магтаал, ардын дуу, бүжиг гэх мэт ардын урлагийн зургаан төрлөөр уралдаж, авьяас билгээ сорьцгоох юм байна.

Наадамд бага боловсролын сургуулийн 1-3-р ангийн хүүхдүүд оролцох боломж нээлттэй байсан ч тунаж үлдэх авьяастан тодроогүйг сургуулиудын дуу хөгжмийн багш нарын идэвх санаачилгатай холбон үзэж байгаагаа зохион байгуулагчид ярьж байлаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадмын зорилго хүүхдийн авьяас чадварыг багаас нь нээн илрүүлж, хөгжүүлэхдээ монгол өв соёлыг хэвшүүлж дадал болгох, мөн хүүхдийг өөртөө итгэлтэй байх, нийтийн дунд биеэ зөв авч явах, баг хамт олноор ажиллаж сурахад тус дэм үзүүлэхэд чиглэх ажээ.

“Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төв” ТББ-ын тэргүүн Д.Дэмбэрэл, зохион байгуулсан хүүхдийн ардын урлагийн наадам нь Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдөртэй давхцаж байгаад ихэд билэгшээж, Монгол сайхан эх орондоо монгол хүн болж төрснөөрөө бахархах оюун бодол  монгол хүүхэд бүрт багаас нь уламжлагдан сууна гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Мөн тэрээр энэ үйл ажиллагааг дэмжиж тусалсан Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хамт олон, идэвхтэй оролцсон багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, авьяаслаг хүүхдүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолтыг 2015 оны нэгдүгээр сарын дундуур “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12810
0 эможи
keyboard_arrow_up