О.Лхагвадорж: Тендерийг мэргэжлийн түвшинд, ил тод, нээлттэй зарлаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга О.Лхагвадоржтой ажлын явцын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Бүрэлдэхүүн, чиг үүргийн талаар ярилцлагаа эхлүүлбэл?
Засгийн газрын тогтоол болон Нийслэл, Дүүргийн Засаг даргын захирамжаар манай Худалдан авах ажиллагааны алба нь 2013 оны 03-р сард байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Худалдан авах ажиллагааг хариуцсан мэргэжлийн алба байгуулагдсанаар олон давуу талуудыг бий болгож чадсан гэж бодож байна. Урд өмнө нь тендер гэдэг ойлголт танил тал, эрх мэдлийн хүрээнд явагддаг гэж хүмүүс их ойлгодог байсан бол мэргэжлийн алба байгуулагдсанаар тус бодол санааг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл нилээдгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ нь ч нийгэмд хүрч өөрчлөгдөж байгаа гэж бид ойлгож байгаа. Анх алба байгуулагдаж байхад боловсон хүчний хувьд ерөнхийдөө шинэ байсан бол энэ хоёр жилийн хугацаанд боловсон хүчин, инженер техникийн ажилчид хангалттай сайн бэлтгэгдэж байна.
-Тендер шалгаруулах ажлыг танай алба шууд гардан зохион байгуулдаг уу? ХАА-ны алба байгуулагдахаас өмнө хэрхэн явагддаг байсан бэ?
Манай албаны хувьд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд тендерийг шударга, мэдээллийг ил тод, нээлттэй, явуулахын төлөө ажиллаж байна. 2013 онд манай алба тав орчим тэрбум төгрөгийн 80 гаруй ажил зохион байгуулсан. 2014 оны хувьд 9 орчим тэрбум төгрөгийн төсвөөр мөн 100-аад ажлыг зохион байгуулаад байна.
-Тендерийг ил тод нээлттэй явуулж байна гэлээ. Тендерийн зар мэдээллийг хаана зарлаж иргэд тендерт хэрхэн оролцож байна вэ?
Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсанаар тендерийг мэргэжлийн төвшинд олон компанийн төлөөллийг оролцуулахыг зорин ажиллаж байна. Ил тод байх үүднээс тухайн жилийн ажлын төлөвлөгөө, тендерийн зарыг худалдан авах ажиллагааны албан ёсны сайт болох www.procurement.gov.mn, www.khanuul.mn болон өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа. Тухайн ажил хэдэн төгрөгийн төсөвтэй, ямар ажил хийгдэх гэж байгаа нь тодорхойгүй, хяналтын төсөв гэдэг зүйл далд байдаг байсан бол одоо үүнийг нээлттэй, ил тод буюу тухайн жилд ийм төсөвтэй, ийм ийм ажил хийнэ гэдгийг оны эхэнд олон нийтэд зарлаж байгаа. Худалдан авах ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагддаг.
-Өмнө нь тендерийг хэрхэн зарладаг байсан бэ? Тендер зарлахад ойролцоогоор хэдэн байгууллага тендерт өрсөлддөг вэ?
Өмнө нь нийт тендерийг уламжлалт арга буюу цаасан хэлбэрээр тендерийн материалыг бэлдэж ирүүлдэг байсан бол Засгийн газраас 2016 он гэхэд бүх тендерийг цахимаар зарладаг болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Бид энэ зорилтын хүрээнд 2014 онд зарласан нийт нээлттэй тендерийн 40 орчим хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Цахимаар зарлахад бүх мэдээллээ файлаар ирүүлнэ гэсэн үг. Ингэснээр тухайн компанийн хувьд бичиг цаасны зардал хэмнэгдэхээс гадна тендерийн материал холигдож, солигдох вий гэсэн хардлага багасах, оролцогч компаниудад хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр боловсон хэлбэрээр зохион байгуулж байгаа бас нэгэн арга юм.
Манайхаас зарлаж байгаа тендерүүдэд хамгийн багадаа гурваас дөрвөн компани, хамгийн их гэвэл 20 орчим компани нэг тендерт оролцож байна. Энэ нь бид мэдээллээ нээлттэй ил тод явуулж байгаагийн илрэл юм.
-Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 2014 онд ямар шинэ, шинэлэг ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?
2014 онд дүүрэг болон нийслэлийн хэмжээнд хэд хэдэн шинэлэг ажлуудыг зохион байгууллаа. Манай алба нь олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг 2013 онд Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Энэ бааз суурь дээрээ үндэслээд энэ жил бүх дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албад, иргэдийн бүлгүүдийг оролцуулсан сургалтыг оны эхэнд зохион байгуулсан. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа гэдэг нь тухайн хороонд ямар хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ шаардлагатай байгаа талаар тухайн хорооны иргэдийн саналыг аваад түүнийхээ дагуу дүүрэг болон нийслэлээс зураг, төсвийг нь баталж иргэдээр өөрсдөөр нь тухайн ажлыг хийлгэдэг. Энэ ажил манай дүүргийн хувьд амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 10 гаруй иргэдийн бүлэг ажил хийж гүйцэтгээд, ажлаа хүлээлгэж өгөөд хангалттай сайн гэсэн үнэлгээг аваад байна. Иргэд өөрсдөө тухайн хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд сэтгэл гаргаж гар бие оролцсоноор бүтээн байгуулалтын дараах хадгалалт, хамгаалалтад тавих хяналт сайжирч, нөгөө талаас иргэд өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэрийг бий болгож байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх, мэдээллийг нээлттэй ил тод байлгах үүднээс албаныхаа гадаа авлигын эсрэг болон өдөр тутмын мэдээ, мэдээллийг байршуулах самбаруудыг бий болгосон. Мөн бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх үүднээс тендерийн материалыг компаниудад CD дээр буулгаж өгч байгаа. Ингэснээр тухайн компанийн хувьд боловсон үйлчилгээг авахаас гадна манай албаны хувьд ч бичиг цаасны зардлыг тодорхой хэмжээнд бууруулж чадаж байна.
2014 оноос эхлэн тендерийн материалыг хүлээж аваад, тендерийн нээлтэд оролцогч бүх компаниудын төлөөллийг байлцуулж байгаад цагдаагийн газарт бүртгэлтэй албан ёсны лацаар лацаддаг болсон. Энэ нь маш их давуу талыг бий болгож байгаа юм. Компанийн тендерийн төсөл солигдох, алдагдах вий гэсэн хардлагыг арилгаж чадаж байна.
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан манай Албанаас нийгэмд бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс тамгын газрын бүх хэлтэс, албад болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадаас шинэ болон хуучин ашиглаж болохуйц ном цуглуулж, өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдсэн 4-р хорооны “ Иргэдэд үйлчлэх номын сан”-д 400-500 ширхэг ном хандивласан.
-2014 онд хэрэгжүүлсэн томоохон ямар ямар ажил байна. 2015 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажил юу байна вэ?
Манай албаны ажлын үр дүн юугаар илэрч байна вэ гэхээр худалдан авах ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа хэр чанартай, хариуцлагатай хийж гүйцэтгэж байна вэ гэдгээр илэрхийлэгддэг. 2014 онд хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажил гэвэл гурав орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Яармаг, Нисэхийн гэр хорооллыг бүхэлд нь гэрэлтүүлэгтэй болгох ажлын худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулж, тендерт шалгарсан компаниудын хувьд ажлаа чанартай хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Ингэснээр иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Бидний цаашдын хийхээр төлөвлөж буй томоохон ажил гэвэл энэ дүүрэгтээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж чанартай бараа, ажил, үйлчилгээгээр хангах явдал юм.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье