Д.Батбилэг: Манай дүүрэг нийт ажлынхаа 90 хувийг хийж гүйцэтгэсэн

2015 оны 1 сарын 22

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна. Сайн байна уу. 2014 оны 4-р улирал дундаа ороод явж байгаа энэ үед танай дүүрэгт төсөвлөсөн санхүүжилтанд хийгдэх ажлууд хэр түвшинд явж байгаа талаар яриагаа эхлүүлье.

 

Манай дүүргийн хувьд 2014 он бол маш их үр бүтээлтэй, гадаад дотоодын томилолтын туршлага ихтэй, хурал зөвөлгөөнөөс гарсан шийдвэрүүд хэрэгжилт сайтай явсан жил болж байна.

2014 онд манай дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангаас 2,6 тэрбум төгрөг  хуваарилагдсан ба уг санхүүжилтээр нийтдээ 60 гаруй төслийг хэрэгжүүлж байна. Харин эдийн засгийн байдал хүндэрсэн учраас бид тодорхой хэмжээний төсвийг хасуулсан. Тодруулбал, 2,6 тэрбумын санхүүжилтээс  энэ оны 4 сарын 4-ний ИТХ-ын ээлжит бус долдугаар  хуралдаанаар 651,1 сая төгрөгийг хасуулсан байгаа. Ингээд оногдож буй 1,9 тэрбум төгрөгтөө 32 төсөл, арга хэмжээний төсвийг дахин тодотгон баталж, одоогийн байдлаар 816,5 сая төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлж байна.

Хэрэгжиж буй төслүүдээс дууссан төсөл байгаа юу?

32 төслийн хувьд иргэдийн бүлгээр арван төсөл хэрэгжиж, 100%  хүлээлгэж өгсөн. Харин гэрээ хийгдээгүй дөрвөн ажил байна. Үүнд 14-р хорооны камержуулалт, 17-р хорооны ахмадын төвийн гадна тал болон дулааны ажил, 8-р хорооны хаягжуулалт, 4-р хорооны гүний худгийн засварын ажил үлдсэн байна. Үлдсэн 28 төсөл, арга хэмжээний ажил  нь 75%-н  гүйцэтгэлтэй явагдаж байна.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа үед тохижилт, бүтээн байгуултын ажлын явц хэр түвшинд байгаа вэ? Төсөв хасагдсан нь танай дүүргийн хувьд хэр нөлөө үзүүлж байгаа вэ? Та энэ талаар бодит нөхцөл байдлыг дүгнээд хэлвэл?

Манай дүүргийн хувьд давуу тал бий. Учир нь төсөв хүндрэхээс өмнө Богд Уулын арын зам, төв зам, Шувуун Фабрик хүртэлх зам, Өлзийт хүртэлх зам зэргийг ерөнхийдөө тавьж чадсан. Дүүргийн иргэд бидний хувьд их азтай гэж хэлж болно. Зам бол дэд бүтэц төдийгүй иргэдийн амьдралд ч их нөлөө үзүүлдэг бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Гэхдээ зарцаагдсан том том бүтээн байгуулалтууд бас бий. Энэ жил манай дүүрэг нийт ажлынхаа 90 орчим хувийг хийж гүйцэтгэсэн.

Гэхдээ одоо бид нийгмийн асуудалд санаа их зовж байна. Сургууль, цэцэрлэгийн барилгаас эхлээд л хүлээгдэж буй ажлууд бас байна.  Тухайлбал, өнгөрсөн 2013 онд 10-р хороонд хүүхдийн цэцэрлэг барьж эхлээд 2014 онд уг цэцэрлэгийн ажил дээр нэмэлт санхүүжилт хийгдээд,  ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.

2015 онд бүтээн байгуулалтын ажил хэр явагдах төлөвлөгөөтэй байгаа вэ? Санхүүгийн хувьд энэ жилээс эрс дээрдэхгүй болов уу гэсэн эдийн засагчдын таамаг яригдаад байгаа.

Улс төрчид, эдийн засагчид  бодит нөхцөл байдлыг дүгнэн ард иргэдэд зөв мэдээлэл өгч байгаасай гэж хүсдэг. Мэдээж одоогийн нөхцөл байдал, хэтийн төлөвөөс харахад төсөв, санхүүжилт бага зэрэг танагдах магадлалтай. Гэхдээ манай дүүргийн хувьд төсвөө оновчтой зөв зарцуулан, эн тэргүүний хэрэгцээтэй бүтээн байгуулалтандаа зохистой хуваарилалт хийж явна. Ирэх жилийн төлөвлөгөө яг одоо гараагүй байгаа. Долоон байнгын хороод болгон эхнээсээ хуралдаж байна. Хамгийн сүүлд төсөв, санхүү, эдийн засгийн хороо хуралдана. Энэ хурлын дараа бүлгийн хурал болно. Тус хуралд байнгын хороодууд өөрсдийнхөө шаардлагатай асуудлуудаа оруулдаг. Тус хурал нь энэ оны 12 дугаар сарын дундуур болох  төлөвлөгөөтэй байна.

Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12364
0 эможи
keyboard_arrow_up