Б.Бадамсүрэн:Бид нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай үзүүлэхээр ажиллаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэнтэй ажлын явцын талаар ярилцлаа.
Сайн байна уу. Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2014 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилт хир явж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан бол Хан-Уул дүүрэг нь “Хүүхдийн жил”-ийг зарласан. Хүүхдийн жилийн ажлын хүрээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилт хөтөлбөрийн хүрээнд бид нийгмийн халамжийн үйлчилгээг иргэд шуурхай, хүртээмжтэй, чанартай үзүүлэхээр зорьж ажиллаж байна. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн чадавхижуулах төслийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг, эхчүүд зөв асрах мэдлэг, чадвартай болохын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх юм.
2013 онд орон даяар явагдсан амьжиргааны түвшний судалгаанд дүүргийн нийт өрхийн 92,3 хувь хамрагдсан. Уг судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийг амьжиргааны түвшинг 20 бүлэгт хувааж тодорхойлсон. Хамгийн бага хэрэглээтэй өрх, хүн ам буюу 1-р түвшиний өрхөд нийгмийн халамжийн үйлчилгээ, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулах, судалгааны үр дүнг илүү боловсронгуй болгох, мэдээллийг ашиглах, программ дээр ажилтнуудаа ажиллуулж сургах зэрэг олон ажлууд дээр илүү анхааран ажиллаж байна.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
Бид “Өрхийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрт хамрагдсан 622 өрхтэй ажиллаж, өрх бүр дээр хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, тэдэнтэй нэг бүрчлэн ажиллах, амьжиргааны түвшинд нь өөрчлөлт оруулах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнээс гадна нийгмийн ажилтануудаа чадавхжуулах, нийгмийн ажлыг иргэд рүү түлхүү чиглүүлэхэд анхаарч энэ ажлын хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Мөн дээрх зорилтын хүрээнд Чингисийн талбайд “Гэр бүлийн хөгжил”-ийг дэмжих жилийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, ажилтнуудынхаа эцэг эх, хань, үр хүүхдийг нь урьж, арга хэмжээнд оролцуулсан. Түүнчлэн 622 өрхийн хөдөлмөрийн насны залуусыг урьж,”Бизнес сургалт- өртөөчилсөн аялал”-ыг зохион байгууллаа. “Бизнес сургалт- өртөөчилсөн аялал”-д оролцогчид инкубатор төвд очиж үйл ажиллагаатай нь танилцан, хэрхэн бизнесээ эхлүүлэх цаашлаад ямар үр дүнд хүрч болох талаар танилцсан. Аялалын явцад автобусанд Улаанбаатар их сургуулийн Гэр бүлийн тэнхимийн багш Ж.Баясгалан болон Бизнес инкубатор төвийн тэргүүн Д.Гүнжилмаа нарын лекцийг сонсож,10-р хорооны иргэн В.Мягмарын чацаргана тарих арга туршлага, 13-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Батхүүгийн блокны цех, фермэрийн аж ахуй зэргээр орж өрхийн үйлдвэрлэл эрхлэх туршлагаас суралцсан үр дүнтэй арга хэмжээ болсон нь ажлын явц оролцогчдын сэтгэгдлээс харагдаж байсан.Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
2013 онд “Сайн санаа -2013” төсөл хэрэгжүүлж асрамжийн газраас гарсан, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие Д.Баатарт 13-р хороонд байшин барьж өгсөн. Энэ төслөө жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж үзээд 2014 онд бид Б.Отгонсарнай гэдэг 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйг сонгож аваад GLF ХХК-д хандаж, таван ханатай иж бүрэн гэртэй болгон, Витафит компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн тавилгыг нь авч өгсөн.
ХУД-ын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс "Сайн үйлсийн аян-2014" зохион байгуулсан. Энэхүү аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
“Сайн үйлс”-ийн аян зохион байгуулж 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаатарын гэр бүлд туслах ажлыг өрнүүллээ. Б.Энхбаатарын эхнэр н.Лхамням нь нуруу нугасны өвчний улмаас 3 жил хэвтэрт байгаа бөгөөд 6-15 насны дөрвөн хүүхэдтэй, өөрөө харааны бэрхшээлтэй зэргийг үндэслэн төрийн болон ТББ-тай хамтран мөөгөнцөртсөн, амьдрах нөхцөл муутай байрыг нь “Материал трейд” ХХК засч, тохижуулан Б.Энхбаатарыг Хөдөлмөрийн хэлтэс дэмжин хөдөлмөрийн багаж, тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүлэн 1 сая төгрөг, ХУД-ийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, албадууд мөнгөн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооноос хүнсний тусламж, хувцас, Албан бус-Насан туршийн боловсрол төвөөс сурагчын цүнх хичээлийн хэрэгсэл, хувцас, мөнгөн тусламж, 15-р сургууль 1 хүүхдийн форм, “Их Үен” ХХК 300000 төгрөгийн шалны хулдаас, HOLT internetional ОУХБ-аас бага охинд нь сар бүр 30000 төгрөгийн мөнгөн тусламж, NTV телевизийн “Сайн өдөр” хөтөлбөр 40 минутын нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн бол, Хүүхэд хөгжил судлалын академи сэтгэл зүйн зөвөлгөө болон ганцаарчилсан ярилцлагыг хийж “Ароно” шүдний эмнэлэг 4 хүүхдийн шүдний эмчилгээ, “Дэрэн” клуб хөл бөмбөгийн багт үнэ төлбөргүй 1 хүүхдийг хамруулахын зэрэгцээ хувцас, хэрэглэл “Next электроникс” ХХК Телевизор, 3-р хорооны Засаг дарга 1 хүүхдийн форм, ГССҮТөв, 3-р хорооны өрхийн эмнэлэг, ХУЭМН-ээс эхнэр Б.Лхамнямааг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн, “Intermed” эмнэлэг MRI болон ясны сийрэгжилтийн 1 сая гаруй төгрөгийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж орчин үеийн тоног төхөөрөмжөөр онош тодорхойлсон, 13-р хорооны иргэн Б.Ариунаа бага охинд нь өвлийн дээл оёж өгсөн олон байгууллага хувь хүмүүсийн туслалцаа, дэмжлэгтэйгээр тус өрхийн амьдралд тодорхой өөрчлөлт оруулж чадсан ажил болсон.
Цаашид бид Б.Энхбаатарын хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах, эхнэрийг нь эдгээх, хүүхдүүдийнх нь авъяасыг нь хөгжүүлэх, хичээл сурлагад нь сургуулиудтай хамтарч анхаарах зэрэг ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү “Сайн үйлс”-ийн аян нь Монголчууд бид өвдсөн ядарсан бусдын дэмжлэг хэрэгтэй нэгэндээ сайхан сэтгэлийн үүднээс туслаж чаддагын нэг жишээг харууллаа.
Хороод дээр нийгмийн ажилтнууд хэрхэн ажиллаж байна вэ? Эмзэг бүлгийн иргэдээс гадна ямар хүмүүс нийгмийн халамжинд хамрагддаг вэ?
Хороо бүр дээр нэг нийгмийн халамжийн мэргэжилтэнтэй. Мэргэжилтнүүд маань хэн ирж мэдээлэл, үйлчилгээ авах бол гэж өрөөндөө хүлээн суух биш зорилтот бүлгийн иргэд, өрх рүү чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулахад анхаарч өрхөөр явж нөхцөл байдлын үнэлгээ хийж иргэдийг зохих үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах, мэдээллийг бүрэн шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг.
Ер нь нийгмийн халамжийн үйлчилгээний зорилтот бүлэгт ахмадууд, бусдын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бүтэн, хагас өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эцэг, эх орон нутгаас шилжиж ирээд бичиг баримтаа шийдэж чадаагүй ажлын байргүй болон төрийн үйлчилгээг бүрэн авч чадаагүй байгаа иргэд хамрагддаг юм.
Төрөлт ихэссэнтэй холбогдуулан жирэмсэн болон гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүд нийгмийн халамжинд хэрхэн хамрагдаж байна вэ?
Жирэмсэн эмэгтэйчүүд амьжиргааны түвшин, ажилтай орлоготойгоос үл хамааран жирэмсний таван сартайгаас хүүхдээ төрөөд долоон сар хүртэлх хугацаанд жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж авдаг. Харин одонтой ээжүүдэд жилд нэг удаа одонгийн мөнгө, алдар цолтой ахмадуудад цолны мөнгө, орон нутагт явж ирэх, рашаан сувилалд амарсан үнийн хөнгөлөлт, орон сууц түлээ нүүрсний хөнгөлөлт зэргийг жилд нэг удаа олгодог.
Асаргаанд байгаа ахмадууд болон хүүхдийн мөнгө танай хэлтсээр зохицуулалт хийгддэг үү?
Асаргаанд байгаа ахмад настанд улиралд 60,000 төгрөг, асарч байгаа хүнд нь сард 52,800 төгрөг олгодог. Харин улсад ажилласан жилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, болон ахмад настан тэтгэврийнхээ мөнгийг нийгмийн халамжийн сангаас авдаг. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс маш их ачаалалтай ажилладаг. Хан-Уул дүүргийн хувьд 120 мянган хүн амтай гэж үзэхэд тэдгээр хүмүүсийн тал хувь нь манай хэлтсээр үйлчлүүлдэг гэж хэлэхэд болно.Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алдар цолтой ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт /нүд, шүдний протез, рашаан сувилалд амрах, сэргээн засах үйлчилгээ, гэрийн асрамж халамжийн үйлчилгээ/ орон гэргүй хүмүүсийг өвлийн улиралд түр хоноглох байранд байрлуулах, халуун хоолоор үйлчлэх гэх мэт бүх үйлчилгээг ажлыг нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс үзүүлж ажилладаг.
Тодорхой ойлгомжтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!