31.4 кг цагаан будаа хураалаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Төгрөг, Хархорин сумын 12 тариаланч өнгөрсөн хавар 294.4 ам метр талбайд цагаан будаа тарьж, намар 31.4 кг ургац хураан авлаа. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал тариалсан талбайн хэмжээ 44.4 ам метрээр, ургац 7.5 кг-аар нэмэгджээ.
Монголд цагаан будаа нутагшуулах туршилтыг Япон улсын Засгийн газраас Орон нутгийн албан хаагчдын хамтын ажиллагааны солилцооны хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ хийсэн нь энэ юм. Эдгээр суманд Японы Хоккайдо мужийн Такикава хотын хөдөө аж ахуйн зөвлөхүүд ирж, цагаан будааны үрсэлгээ, хөрс бэлдэхэд нь зааж зөвлөн, ургацын болц, чанартай танилцан, туршилт судалгаа хийдэг. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээс жил бүр гурван хүнийг Такикава хотод урьж, цагаан будаа тарьж, ургуулах арга технологио зааж өгдөг.
Энэ жил Төгрөг, Арвайхээр сумаас гурван хүн уг сургалтад хамрагджээ. 2012 онд анх Өвөрхангайд тутарга тарих болоход 19 иргэн 35.6 ам метр талбайд 474 суулгацыг ил талбай болон хүлэмжинд тарьж, нийт 3.85 кг ургац авсан түүхтэй. Түүнээс хойш тарих талбай, хураах ургац ч нэмэгдэж байна.
Б.БАЯСАЛМАА