Хан-Уул дүүргийн 118-р сургууль шинэ зуухтай боллоо
Монгол улсад өндөр бүтээмж бүхий дулаан хангах нам даралттай халаах зуухыг нийлүүлэх, шинэчлэх шинээр суурилуулах төслийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн шинэ зуухыг ашиглалтанд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Тус төсөл нь 2013 оны найман сараас эхлээд хэрэгжсэн бөгөөд ирэх 12 сард дусах ажээ. Хан-Уул дүүрэгт хийгдсэн тус ажил нь усан халаалтын зуухнаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах төсөл, болон Япон улсын байгаль орчны яамны санхүүжилтын хөтөлбөр хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ын хүрээнд хийгдэж буй ажлын эхлэл юм байна.Халаах зуухыг Японы "Сүүри Кейкакү" ХК болон Монголын талаас "АНУ сервис" ХХК нар хамтран хийж гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар дээрх зуухыг 118-р сургууль болон Төв аймгийн Борнуур сум дахь олон нийтийн байгууллага, албан газарт ашиглаж эхэлсэн байна. Тус зуухыг хэрэглэснээр нүүрсний хэрэглээний хэмжээ болон СО2 ялгаруулалтын хэмжээ эрс багасч агаарын бохирлын хэмжээ буурах, халаалтын зуухны өрөөны ажлын орчин сайжрах гэх мэт эерэг үр дүнг үзүүлнэ хэмээн албаны хүмүүс хэллээ.
Ийнхүү нэг сургууль ч гэсэн тав тухтай дулаан орчинд суралцах боломжоор хангагдаж байгаа сайшаалтай хэрэг.