Их хотын хямдралаар иргэд тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ
Нийслэлийн 375 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтэн жилийн турш томоохон бүтээлч ажлуудыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээлж байгаагаар хямдралтай худалдааны нэгдсэн тайлан гарчээ. Тайланд дурдсанаар “Их хотын хямдрал 375” худалдаа 2 дахь жилдээ Чингис хааны талбайд болон нийслэлийн 6 дүүргийн томоохон талбайд өргөн цар хүрээтэй болжээ. Нэгдсэн тоон мэдээнээс үзэхэд Чингисийн талбай дээр нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн хямдралтай худалдаанд өмнөх онд орж байсан аж ахуй нэгжүүдээс гадна шинээр олон аж ахуй нэгжүүд нэмж оролцжээ. Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим мянган иргэн оролцож 1 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийжээ. Нийт худалдан авалт хийсэн иргэдээс 375 азтанг тодруулж аж ахуй нэгж байгууллагууд шагнан урамшуулсан байна. Энэ өдөр өндөг хамгийн доод үнээр буюу 180 төгрөгөөр, “Дархан нэхий” ХК бүх бараандаа 50 хувийн хямдрал, бусад аж ахуй нэгжүүд үйлдвэрийн үнээр борлуулжээ. Энэ жилийн “Их хотын хямдрал-375” нэгдсэн арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас гадна ахуйн үйлчилгээ, соёл урлагийн салбар, кинотеатрууд 50 хувь, нийслэлээр овоглосон музейнүүд үнэ төлбөргүй, нийтийн тээврийн үйлчилгээ 50 хувиар нийслэлийн иргэддээ хямдралтай үйлчилгээгээр бэлэг барьсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид уг арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах эхлэл тавигдсан юм.