Та мэдээллээ урьдчилан бүртгүүлж, цахим гарцын тусламжтайгаар хилийн дээс алхаарай
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ. Энэхүү цахим гарцаар Монгол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаадын иргэн хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллийн тусламжтайгаар улсын хил нэвтрэх юм.
Уг гарцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
Зорчигч нь өөрийн хурууны хээ, гадаад паспорт, иргэний үнэмлэх, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визийн талаарх мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газарт урьдчилан бүртгүүлснээр 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цахим гарцаар улсын хил нэвтрэх боломжтой.