Нийтийн тээвэр цахим систем нэвтрүүлнэ
Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийтийн тээврийнхэн ирэх 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим картаар үйлчлүүлдэг системийг нэвтрүүлэх юм байна. Ингэснээр иргэд урьдчилсан байдлаар цахим карт худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлэх аж. Одоогоор уг цахим картын үнэ болон ямар сонголттой байх зэрэг асуудлуудыг ярилцаж байгааг гэнэ.Энэхүү нийтийн тээврийг цахим системд шилжүүлэх тендерт “Дата карт” консорциум ялж, ажлаа эхлүүлээд байгааг Нийслэлийн нийтийн тээврийнхэн дуулгалаа. Нийтдээ 14,2 сая ам.долларын өртөг бүхий уг тендер нь концессын хуулийн дагуу хэрэгжих бөгөөд эхний ээлжинд цахим төхөөрөмж оруулж ирэх, цахим картын оновчтой хэлбэрийг сонгохоор ажиллаж байгаа гэнэ. Нийтийн тээвэрт цахим систем нэвтрүүлж, автобус бүрт GPS-ийг суурилуулснаар автобусны маршрут, цагийн хуваарийг нарийвчлан хянаж, тэр хэрээр нөхөн олговрын мөнгийг үнэн зөв хувиарлах боломжтой болно гэнэ. Түүнчлэн нөхөн олговрын дагуу хөнгөлөлт эдлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оуютнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид зэрэг хүмүүст унааны мөнгийг нь цахим картанд нь шууд суулгаж өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэнээр кондукторуудыг цомхотголд оруулахгүй гэнэ. Учир нь тэднийг хяналтын байцаагчаар ажиллуулна гэдгээ онцолж байлаа.
70 автобус шинээр оруулж ирнэ
Нийтийн тээврийн салбарынхны онцолсон мэдээлэл бол парк шинэчлэлт байлаа. Ирэх онд нийтийн тээврийн салбар том оврын 40, дунд оврын 30 ширхэг шинэ автобусаар паркаа шинэчлэх нь. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 1088 тээврийн хэрэгсэл гаргаж байгаагийн цөөнгүй хувь нь хуучин автобусууд байдаг. Япон, Солонгос улсад нийтийн тээвэрт 6-7 жил явсан, тухайн улсынхаа үйлчилгээнээс хасагдсан автобусыг оруулж ирдэг бөгөөд манайд нийтийн тээврийн хэрэгслийг 12 жил хүртэлх насжилттай байхыг зөвшөөрдөгтэй юм байна. Тиймээс ирэх онд нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас парк шинэчлэлд 20 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ6 Манай улс дотооддоо том оврын автобус үйлдвэрлэдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин энэхүү парк шинэчлэлийн хүрээнд дотоодын автобусыг авах уу эсвэл гаднаас автобус оруулах уу гэдэг дээр тендер зарлан сонгон шалагруулах юм байна. Гэвч одоогоор БНСУ-аас автобуснууд нийлүүлэхээр яригдаж байгаа аж. Учир нь дотоодын үйлдвэрлэгчид нэг автобусыг 150 мянган ам.доллараар үнэлж байгаа бол гадаадаас нэг автобусыг 200 сая төгрөгөөр оруулж ирэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
2016 онд микроавтобусыг үйлчилгээнээс хална
Түүнчлэн ирэх оноос эхлэн бага оврын тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах бодлогыг баримтлах гэнэ. Гэхдээ шууд бүгдийг хязгаарлах боломж одоохондоо хомс аж. Учир нь том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй алслагдсан, зам харгуй тааруу газруудад микро автобус үйлчилж байгаа болохоор дэд бүтэц сайжирч, тээврийн үйлчилгээ өргөжтөл микро автобусаар иргэдэд үйлчлэх бөгөөд цаашид тэдгээр чиглэлд дунд болон том оврын автобус оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар Нийтийн тээврийн газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билэгт онцоллоо. Өнөөдрийн байдлаар туслах шугамын 18 чиглэлд 140 орчим микро автобус үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр микро автобустай холбоотой иргэдийн санал гомдол тасардаггүй. Тэд оройн цагаар дурын үнээр иргэдэд үйлчилдэг үнэ өсгөдөг, хурд хэтрүүлдэг зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг. Үүнд Нийслэлийн тээврйин газрын 24 байцаагч тэр бүр хүрч ажиллах боломжгүй байдаг учрас хяналт, шалгалт гарсан үед хариуцлага тооцоод өнгөрдөг ч энэ асуудлыг нэг мөр цэгцэлж чадахгүй байгаа гэнэ. Тэдний орон зайг нөхөхийн тулд парк шинэчлэлтийг яаравчлах нь чухал гэдгийг Нийтийн тээврийнхэн хэлж байлаа.
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчний асуудал хүндхэн байна
Нийтийн тээврийн салбарын боловсон хүчин буюу жолооч нарын асуудал өнөөдөр хүндхэн байгаа аж. Үүнийг энэ салбарт удаан ажилласан туршлагатай жолооч нар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа өндөр цалинтай уул уурхайн салбар руу ихээрээ явж ажиллах болсонтой салбарынхан нь холбон тайлбарлаж байлаа. Тэр ч утгаараа шинэ залуу жолооч нар салбартаа хэл ам дагуулан ажиллах болсныг тэд үгүйсгэсэнгүй. Тиймээс жолооч нарын цалин, нийгмийн халамжийг асуудлыг сайжруулах тэднийг чадваржуулах тал дээр олон асуудлыг төлөвлөж байгаа гэнэ.
Нийтийн тээврийн хөнгөлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ
2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, өндөр настнууд, цагдаагийн ажилтнууд зэрэг хөнгөлөлттэй үнээр нийтийн тээврээр зорчигчдыг тээвэрлэхгүй, төлбөр мөнгийг нь авдаг болно гэдгээ Том оврын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл тус холбоо энэ тухай албан мэдэгдлийг Нийтийн тээврийн газарт өгөөгүй байгаа бөгөөд ийм шийдвэр гаргахдаа Нийслэлийн нийтийн тээвэртэй зөвшилцөх ёстой гэдгийг албаныхан дуулгалаа. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу дээрх иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх ёстой гэнэ.
Алдагдалтай 10 хоногийн туршилт
Хичээл, сургууль эхлэх үеэр их хотын хөл хөдөлгөөн ихсэн, замын түгжрэл улам бүр нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийнхэн шинэ маршрут, системийг 10 хоног туршиж ажилласан билээ. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг богиносгож, илүү олон чиглэлд ойр ойрхон автобус зорчих боломжийг туршсан нь энэ гэнэ. Наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд хийсэн туршилт нийслэлийн төсвөөс 1,3 тэрбум төгрөг төсөвлөснөөс 780 сая төгрөгийн шатахуун автобус компаниудад олгожээ. Автобус компаниуд тухайн өдрүүдэд олсон орлогоосоо 500 саяыг буцаан хотод өгсөн байна. Харин автобус компаниудын хувьд 1,9 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, нэг тэрбум 350 сая төгрөгийн орлого олжээ. Ийнхүү 10 хоногийн туршилт аль аль талдаа алдагдалтай болсоныг дуулгалаа. Гэвч туршилтыг алдагдал болгоод орхилгүй хойшдоо нийтийн тээврийг шинэчлэх чиглэлээр ажиллана юм байна. Учир нь өнөөдрийн байдлаар хүн ам олноор зорчдог Энхтайваны өргөн чөлөөнд л гэхэд өдөрт 390 автобус үйлчилгээ үзүүлж байгаа нь замын түгжрэл, алдагдалтай ажиллах үндэс болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.