Ж.ГАНХУЯГ: Иргэдийг хохироохгүйн тулд би журамд өөрчлөлт оруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн II, III хорооны “Нэхмэлийн” шар байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон билээ. Харин хуучин барилгуудыг нурааж, дахин шинэ байр барих барилгын ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулах ажил маргаан дагуулсаар байна.Тэгвэл өнөөдөр тус асуудлыг нэг мөр болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг болон ИТХ-ын дарга Д.Батбилэг, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор Н.Нацагдорж нар нэхмэлийн шарын оршин суугч нартай уулзалт хийж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
Одоо манай иргэд хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь үнэлгээ хийлгэнэ гэж, нөгөө хэсэг нь үнэлгээ хийлгэхгүй гэж байна. Иймд өнөөдөр та бүхний саналыг сонсож байгаа, өнөөдөр бид нэг асуудлыг тохирлоо шүү дээ. Юу вэ гэвэл? Бүх газруудаар үнэлгээ хийлгэхээр боллоо. Иймээс иргэд дараа нь үнэлгээ хийлгэхгүй байсан гэж яриад явж болохгүй. Одоо бүгдээрээ тохиролцоонд хүрч байгаа юм чинь одоо журмаараа компанийг сонгон шалгаруулж үнэлэх ёстой. Одоогоор ямар нэгэн компани шалгараагүй байгаа. “Орчлон констракшн” ХХК ч бай, “Фүжи” ХХК ч бай өөр одоо ямар компани байна шалгарсан зүйл огт байхгүй. Сонгон шалгаруулалтыг хийгээгүй байгаа.
Нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн Үнэлгээний хорооны даргын хувьд би журмаараа үнэлэх ёстой. Гэвч иргэдийн зүгээс харахад тэдний бүрэн эрх ашгийг хангаж чадахгүй байна гэж үзэн миний бие тус журамд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Тийм учраас сонгон шалгаруулалтыг нарийн нягтлаж, оролцож буй компаниуд дээр санхүүгийн, чанарын, зураг төслийн гэх мэт бүх нөхцөлүүд харгалзан үзэж үнэлгээ хийнэ.
Иргэд та бүхний эцсийн шийдвэр орон сууцаа алдахгүй, та бүхэнд ашигтай байх учиртай. Компани таалагдахгүй бол та бүхэн гэрээ хийхгүй байж болно. Бидний сонгож авсан эдгээр найман компаниудыг сайн судлаарай.
Хамгийн чухал зүйл бол байр орон сууцаа дахин төлөвлөлтөнд оруулж буй оршин суугч иргэд маань буцаад ямар нэгэн асуудалгүйгээр орон сууцтай болох явдал юм. Нэг компани сонгогдоод эдгээр байрнуудыг нураагаад хаяад явбал сүүлд нь хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Улаанбаатар хотод маань иймэрхүү хариуцлагагүй зүйл тохиолдож байсан. Тиймээс Нэхмэлийн шарын 20 байрны 4000 гаруй иргэдийн амьдралтай нь холбоотой асуудал болохоор нухацтай бид хандах ёстой. Үүн дээр үнэлгээний хороо сайн ажиллах шаардлагатай байгаа.