Б.Булган:“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгч байна

2014 оны 11 сарын 04

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булгантай ярилцлаа.

 “Хүүхдэд ээлтэй Хан-Уул”  хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

 

Хан-Уул дүүрэг 2014 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ жилийн хүрээнд  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын А/81 тоот тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг батлуулан, 2014-2017 онд хэрэгжихээр 3 жилээр төлөвлөж жил бүр үе шаттайгаар үнэлгээ дүгнэлт хийж, шинэчлэн чиглүүлж ажиллаж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг нь Удирдах зөвлөл, Хүүхэд хөгжлийн салбар зөвлөл, Хүүхэд хамгааллын салбар зөвлөлүүдээс бүрдсэн байгаа.
Хөтөлбөрийн зорилго маань хүүхдийг бүх талаар нь дэмжих, тэдний онцлогт тохирсон хэрэгцээг хангахуйц хандлагыг нийгэмд төлөвшүүлэх замаар аливаа шийдвэрт хүүхдийн бие даан нөлөөлөх чадвар, оролцоог дэмжин амьдралын баталгаагаар хангагдах, эрхээ эдлэх боломжоор дүүрэн орчин бүрдүүлэх юм.  
Хүүхэд хөгжил чиглэлээр нийт төсвийн 60%, хүүхэд хамгааллын чиглэлээр 40%-г зарцуулахаар тооцоолсон байгаа.
Хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын салбар зөвлөлүүд хүүхэд рүү чиглэж ажилладаг хэлтэс албад, байгууллагуудаас төслүүдийг авч хэлэлцэн үр дүнтэй хэрэгжих, сайн төслүүдийг сонгон дүүргийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулан батлуулж байна.
Хүүхэд хөгжил чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
Хүүхэд хөгжил салбар зөвлөл нь боловсролын байгууллагын менежментийг сайжруулж, боловсролд оролцогч талуудын оролцоог хангаж, багшийг хөгжүүлэн, чадваржуулж, тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн авьяасыг нээн  хөгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж эрүүл чийрэг, амьдрах дадал, чадвар эзэмшсэн хүнийг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  2014-2015 оны хичээлийн жилд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн туршиц сургууль дээр хийсэн ажлаар хүүхдэд ээлтэй сургууль ямар байх жишиг загвар гаргах,  2015-2016 оны хичээлийн жилд дээрх загвараар дүүргийн нийт сургуулийн 50% нь ажиллаж үр дүнг тооцон ажиллах бол 2016-2017 оны хичээлийн жилд дүүргийн нийт сургуулиуд хүүхдэд ээлтэй сургууль болж хөгжинө гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хөгжил хамгааллын ажил ямар шаттай хэрэгжиж байна бэ?
2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 хорооны  дунджаар 325 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг зуны сургалтаар зохион байгуулан хүргэлээ. Зорилтот бүлгийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг холимог бүлгээр, хувилбарт сургалтын хэлбэрээр, сурах таатай орчин бүрдүүлэн, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажиллахад уг ажлын гол зорилго оршиж байлаа. Мөн хамгааллын чиглэлээр камергүй байгаа цэцэрлэгүүдийг камержуулах ажил хийгдэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Эцэг эхчүүд хүссэн үедээ ухаалаг утас болон интернет ашиглан хүүхдээ юу хийж байгааг харах, багш сурган хүмүүжүүлэгчидийг хянаж байх боломж бүрдэж байгаа юм.
ЕБС-ийн багш нарыг чадваржуулах хөгжүүлэх ажил дээр хийгдэж буй ажил юу байна бэ?
Багш нарыг чадваржуулах сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллага буюу Өөрчлөлтийг чиглүүлэгч ТББ-тай хамтран 2014 оны 08 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд   "Багийн амжилт-Миний авъяас"  сургалтыг  дүүргийн 40 сургагч багш нарын дунд зохион байгууллаа. Мөн “1000 багш нарын чуулга уулзалт” хурлыг хийлээ. Энэ чуулга уулзалтаар Багш нарын зөвлөлийг байгуулж  дүүргийнхээ ЕБС-ийн  багш нарыг монгол хэлний мэргэжлийн багш нарын зөвлөл, хими-биологи-эрүүл мэндийн мэргэжлийн багш нарын зөвлөл, түүх-нийгмийн ухаан, газарзүй, иргэний боловсролын мэргэжлийн багш нарын зөвлөл, гадаад хэлний мэргэжлийн багш нарын зөвлөл, авьяасыг хөгжүүлэх мэргэжлийн багш нарын зөвлөл, математик-физик- мэдээлэл зүйн   мэргэжлийн багш нарын зөвлөл, бага боловсролын мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулан багш нарыг чиглэл тус бүрээр нь сургалтад хамрууллаа.
Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийгдсэн бэ?
Хүүхэд хамгааллын салбар зөвлөл эрүүл мэнд, гэр бүл, боловсрол, халамж, хөдөлмөр, хууль эрх зүй гэсэн 6 чиглэлд зорилтот бүлгийн хүүхдүүд, дүүргийн нийт хүүхдэд үйл ажиллагаагаа хүргэн ажиллаж байна. Цэцэрлэгүүдийг камержуулах, хүүхдийн шүдний кабинет байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг чадавхжуулах,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг тоног төхөөрөмжөөр хангах,  “Өнөр-Альфа” асрамж халамжийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх мэт үр дүнтэй томоохон ажлууд хийгдээд байна.
Ярилцсанд баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11267
0 эможи
keyboard_arrow_up