Шилдэг бүтээмжтэй байгууллага 50 жилийн ойгоо тэмдэглэлээ
Монгол Улсад одоогоос тавин жилийн өмнө Төв цахилгаан станц буюу нэгдүгээр станцыг Толгойтын цахилгаан станцтай өндөр хүчдлийн шугамаар холбосноор эрчим хүчний систем үүсч эдгээр станцын цахилгаан ачааллыг хуваарилах зорилгоор тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны харьяанд “Диспетчерийн тасаг” байгуулагджээ. Одоо Диспетчерийн үндэсний төв нь төвийн бүсийн нэгдсэн систем, баруун бүс, зүүн бүс, өмнөд бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийг нэгтгэсэн, үндэсний хэмжээнд эрчим хүчний шуурхай ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий чадварлаг, оюунлаг мэргэжлийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн компани болон хөгжиж, өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Эрчим хүчний систем өргөжин хөгжих цаг үеүдэд диспетчерийн удирдлага, зохицуулалт нь салбарын Яам, Эрчим хүчний удирдах газар, Төвийн бүсийн эрчим хүчний систем зэрэг төрийн байгууллагын нэгж, хэсэг болж ажиллаж байгаад 2001 онд шинэчлэгдэн батлагдсан “Эрчим хүчний тухай” хуулийн дагуу “Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ.
Тус байгууллага нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой ажиллагаа, горим төлөвлөлт, диспетчерийн зохицуулалтыг шинэ түвшинд гарган өөрчлөн сайжруулах, бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, үйл ажиллагаагаа стандартчилах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн 2003 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Бүтээмжийн шагнал”, 2004 онд Олон улсын ISO9001 стандарт нэвтрүүлсэн “Гэрчилгээ”-г гардан авч бүтээмж, олон улсын стандартаар салбартаа анхдагч, уг стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын тав дахь компани болсон байна.
Эрчим хүчний салбарын уураг тархи болсон энэхүү хүндтэй албанд зүтгэж буй энэ хамт олны дундаас төр захиргааны томоохон төв байгууллагуудын хариуцлагатай удирдлагууд, салбарын томоохон үйлдвэр, компанийн дарга, захирлаар дэвшин ажиллаж буй олон хүн байгаа ба Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Буриадын эрчим хүчний гавъяат ажилтан, төр засгийн шагналтнууд, салбарын шилдэг инженерүүд төрсөн бүтээлч ажилтнуудаараа бахархдаг.
Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж, эрчим хүчний бие даасан системүүд байгуулагдсанаар диспетчерийн зохицуулалтын цар хүрээг тэлж зөвхөн төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээгээр Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн болон Өмнөд бүсийн эрчим хүчний системийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний хэмжээнд диспетчерийн зохицуулалт хийх шаардлага гарч үүрэг, хариуцлага нэмэгдсэн байна.
Өнөөдөр болсон баярын хуралд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлонгүйцэтгэгч Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар болон албаны бусад хүмүүс оролцож баяр хүргэж үг хэллээ.
Баярын хуралд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар “Түүхэн 50 жил” илтгэл тавьлаа.