Нийслэлчүүддээ 375 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

2014 оны 10 сарын 29
Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!
Улаанбаатар хотын иргэдээ!
Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн 375 жилийн ойн халуун мэндийг хүргэе.

 

375 тэртээх Эсгий хотоос орчин үеийн Улаанбаатар хот болтол хөгжүүлэхэд өөрийн бүтээлч хувь нэмэр, хичээл зүтгэлээ зориулж, бүтээн байгуулалтын манлайд явсан ахмадууд, олон улсын байгууллагууд, хандивлагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж, Улаанбаатар хотод олон жил хуримтлагдсан хур асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан эхний ээлжийн 168 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч, газраа зах зээлийн зарчмаар үнэлсэн иргэд байртай, өмчтэй боллоо. Цаашдаа дахин төлөвлөлтийн ажил хүрээгээ улам тэлэхийн сацуу Сэлбэ, Баянхошуу  дэд төвүүдийн бүтээн байгуулалтын үр шимийг ч хүртэж эхэлнэ. 
Нийслэлийн автозамыг шинэчлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны санхүүжилт, Замын сангийн хөрөнгө болон гаднын түнш байгууллагуудын тусламжаар 40,94 км автозамыг шинээр барьж, 13 төсөл, үйл ажиллагаагаар 70 км автозамыг шинэчлэв. Ингэснээр нийслэлд автозам барих хурд 2,4 дахин нэмэгдэв.
НИТХ-аас баталсан 52 байршлын эхний тавд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж, нийслэлийн 15 мянган иргэн шинээр газартай боллоо. Эдгээр 52 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийсэн бөгөөд дэд бүтэц, нийгмийн байгууламжийг нь давхар шийдсэнээрээ онцлог юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс таван тэрбум төгрөгийн зээлийг санхүүжүүлэхээр банкуудтай тохиролцон иргэддээ олгож эхэллээ.
Улаанбаатар хот хүүхэд багачуудын эрхийг нэн тэргүүнд тавьж, алслагдсан гэр хорооллын сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай маршрут гарган автобусаар үйлчилж, аав, ээжүүд нь сургуулийн орчинд эргүүл хийдэг боллоо. Нийслэлийн иргэд маань хотдоо эзний ёсоор хандах хандлага эргэж сэргэлээ.  Амьдрах орчныхоо  зураглалыг өөрсдөө гаргаж, орчноо тохижуулж байна. Хотын цагдаагийн газрын даргаа сонгохоос эхлээд зарчмын томоохон шийдвэрийг гаргахдаа  иргэдээсээ асуудаг, тэдний оролцоог хангадаг боллоо.
Улаанбаатар хотын гадаад харилцаа шинэ шатанд гарч, 2014 онд анх удаа "Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”, "Нээлттэй Улаанбаатар” сэдвийн дор авлигын эсрэг олон улсын форумыг зохион байгуулав. Энэхүү олон улсын арга хэмжээнүүд авлигын эсрэг тэмцэх, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүс нутагтаа манлайлал үзүүлсэн чухал үр дүнтэй алхам боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжин  “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар”,  ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс  “ Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдийг НИТХ-аас  батлан гаргалаа.

Иргэнээ дээдэлсэн, эрүүл аюулгүй, найрсаг хотын төлөө  нийслэлийн шинэчлэлийн багийг дэмжиж  ажиллана гэдэгт Нийслэлийн иргэн та бүхэнд итгэж байна.  

Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГА              Д.БАТТУЛГА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ       Э. БАТ-ҮҮЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10943
0 эможи
keyboard_arrow_up