Барилга хөгжлийн төвөөс картаар үйлчилдэг “УСТ ЦЭГ”- тэй болно
Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг билээ. Гэр хорооллын иргэдийн зарим хэсэг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байрнаас усаа авдаг. Үлдсэн хэсэг нь хотын төвөөс алслагдсан тул зөөврийн усны ус түгээх байраар болон ус түгээх байргүй байгаа шинэ суурьшлын бүсүүдэд усны машин хүрч үйлчлэх зэргээр усны хэрэгцээгээ хангадаг.
Гэр хорооллын иргэдэд нийт 560 ус түгээх байраар үйлчилдэг бөгөөд эдгээрээс төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон 310 ус түгээх байр, автомашинаар ус зөөвөрлөдөг 250 ус түгээх байр байдаг. Аль ч тохиолдолд усаар хангах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь ажиллах цагийн хуваарийнхаа дагуу иргэдэд үйлчилдэг. Ажлын цагийн хуваарьт амжиж усаа авах боломжгүй, хүн хүч дутмаг, иргэд нь усаа авч чадахгүй байх тохиолдол гарсаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хайснаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар өөрөө өөртөө үйлчлэх “УСТ ЦЭГ”-ийг Баянзүрх дүүргийн 12-р хорооны 9-р гудамжинд 2012 оны 10-р сарын 20-оос ажиллуулж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар уст цэгээр гэрээ хийсэн 100-д айл өрхийн 400 гаруй хүн ам үйлчлүүлж байна. Уст цэг нь -300с-ээс +300с-т ажиллах боломжтой.
2014 оноос өөрөө өөртөө үйлчлэх уст цэгийг илүү боловсронгуй болгох үүднээс карт уншуулан усаа авдаг болгохоор төлөвлөөд байна. Картаар үйлчилдэг уст цэгийг ажиллуулснаар орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, харин зарлага 4 дахин буурна гэсэн урьдчилсан судалгаа гаргажээ.
Картаар үйлчилдэг уст цэгийг байгуулснаар:
- Иргэд хэрэглээний цахим картаа уншуулан усаа хоногийн хүссэн цагтаа авах боломжтой
- Иргэд, хангагч хоорондын харилцааны үл ойлголцол гарахгүй.
- Хангагч байгууллагын хувьд ажиллах хүчтэй холбоотой болон бусад зардлууд хэмнэгдэнэ.
- Иргэд усны үнэ цэнийг ойлгох, өөрөө өөртөө үйлчлэх, устай харьцах зөв дадал зуршлыг эзэмших зэрэг үр дүнгүүд гарах юм.
А.Алт