Д.Бат-Очир:2014 онд гурван тэрбум төгрөгийг төсөвт оруулах зорилт тавин ажиллаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очиртой ажлын явцын талаар ярилцаж мэдээлэл авлаа.
-Сайн байна уу. Бүртгэлийн хэлтсээс 2014 онд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Манай бүртгэлийн хэлтэс 2014 онд нилээд ажил арвинтай, ажлын ачаалал өндөр байлаа. Бүртгэлийн хэлтэс нь дотроо архив, эд хөрөнгийн бүртгэлийн тасаг, иргэний бүртгэлийн тасаг, гадаад паспорт гэсэн чиглэлээр ажилладаг. Иргэний бүртгэлийн тасаг нь иргэдэд үйлчлэх, иргэний бүртгэлийн төрөл болох эцэг тогтоох, төрөлт, гэрлэлт, цуцлалт, үрчлэлт, овог нэр өөрчлөх, засвар өөрчлөлт хийх, шинэчилсэн бүртгэлд иргэний үнэмлэхний дахин олголт, шинээр олгох, хугацаа сунгах, иргэдийн шилжилт хөдөлгөөн гэсэн бүртгэлүүдийг хийдэг. Эд хөрөнгийн бүртгэлийн хувьд анхны бүртгэл, газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх, эрх шилжүүлэх, лавлагаа, бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газраас бусад өмч эзэмших эрхийн бүртгэлийг хийдэг байгаа. Бүртгэлийн хэлтэс нийт 50-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бүх хороод дээр нэг нэг улсын бүртгэгч ажилладаг. Энэ нь Нийслэлийн Засаг даргын санаачлагаар дүүрэг дээр явагдаж байгаа бүртгэлийг хороон дээр шилжүүлж, иргэдэд ойртуулах чиглэлээр ажил хийгдээд Хан-Уул дүүргээс эхэлсэн. Эхний ээлжинд 49 хороог онлайн системд шилжүүлж төв сервер рүү холбосон. Эдгээр 49 хорооны 12 нь Хан-Уул дүүргийн хороо үлдсэн нь бусад дүүргүүдийн 31 хороонд оногдсон байгаа.
-Бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар хичнээн иргэнд үйлчилж ажиллаж байна бэ?
Дүүргийн хэмжээнд манай хэлтсээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг. Төрөлт өдөрт дунджаар 18, гэрлэлт 4, иргэний үнэмлэхний хугацаа сунгуулах 14, хаяж гээсэн үнэмлэхээ дахин олох 16, шилжиж ирж байгаа 66, шилжиж явж байгаа нь 50 гаруй бүртгэгдэж байна. Үүнээс харахад Хан-Уул дүүргийн хүн амын өсөлт их нэмэгдэж байгаа. Энэ ажилд 2009 оны зургаан сард ажлаа хүлээн авч ажиллаж байна. Тэгэхэд энэ дүүрэг 80 мянган оршин суугчидтай байсан ба одоо 140-өөд мянган хүн амтай болсон байна. Эд хөрөнгийн бүртгэлээр арван сарын нэгэн гэхэд 33458 бүртгэл хийсэн байдаг. Анхны бүртгэл гэдэг маань шинээр орон сууц авах, шинээр газар өмчлөх, шинээр амины орон сууц өмчлөх хүсэлт гаргахыг хэлдэг бөгөөд энэ жилийн хувьд шинээр 7015 бүртгэлийг хийсэн байгаа. Газрын бүртгэл 746, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ 4143, иргэдийн лавлагааны хуулга 4729 хийгдлээ. Лавлагааны хувьд ингэж өсөлттэй гарах болсон шалтгаан нь найман хувийн орон сууцны зээл, төрийн орон сууцны корпорацийн "Буянт-Ухаа" нэг хороолол ашиглалтанд орсонтой холбоотой гэж үзэж болно. Мөн архивын лавлагааны хувьд 2589 бичиг гарсан ба одоогоор 16 хороо улсын бүртгэгчтэй ажиллаж байна. Иргэдэд ойртох зорилгоор гэрлэлтийн бүртгэл болон Захиргааны журмаар шүүхийн цуцлалт, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээний дахин олголтыг мөн хороон дээрээ хийж байгаа. Цаашдаа лавалгааг хороон дээрээс өгөх, эд хөрөнгийн лавлагаа болон хуулийн лавалгааг хороон дээр өгөхөөр ажиллаж байна.
-2014 онд Бүртгэлийн хэлтэс ямар ажлыг шинээр нэвтрүүлж ажиллаж байгаа вэ?
Шинэ ажил гэвэл дээр дурдсан хороодыг онлайн системд шилжүүлсэн, цэргийн штаб манай хэлтэст хүсэлт гаргасны дагуу бид хамтран цэргийн насны 18-50 насны хүмүүсийг ирсэн, явсан шилжилт хөдөлгөөнийг цэргийн штабруу нийлүүлдэг. Энэ лавлагааг манайхаас авснаар шилжиж явсан хүмүүст цэргийн зарлан өгөх, өгсөн тоондоо харьцуулж цэргийн үүрэгтний бүртгэгдсэн болон оролцсон оролцоо нь өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдсэн юм. Мөн манай дүүрэгт
. 15-р хороо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
. 2-р хороо 19 үйлчилгээний төвийн MARCO supermarket
. 4-р хороо viva city Эрэл банк
. 5-р хороо Яармаг худалдааны төв
. 6-р хороо Яармагын хуучин эцэс БОСА төв
. 3-р хороо ХУД-ийн дэргэдэх шүүхийн байрны 1 давхар
. 10-р хороо Чингис хаан ОУНО-ны буудлал зэрэг 9 байрлалт “ТҮЦ” машиныг байршуулснаар иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх болсон.
Үүнээс гадна дүүргийн халамж, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй мэдээллээ солилцдог. Тус төвд үрчлэл хийгдсэн бүх мэдээлэл очдог бөгөөд овог нэр, үрчилж авсан болон үрчлүүлсэн хүмүүсийн мэдээллийг өгч хяналт тавьж ажилладаг. Бүртгэлийн хэлтсээс хийж буй бас нэг ажил бол “Танд туслая” өдөрлөгийн хүрээнд дүүргийн иргэд, нийт албан хаагчдад иргэний болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар бүрдүүлэх материалын гарын авлага тараалаа. Мөн ЕБС-дад очиж (Иргэний үнэмлэх гэж юу вэ? Бичиг баримт гэж юу вэ?, тэр цаашдаа ямар ач холбогдолтой вэ? ) сургалт зохион байгуулж байна.
- Дүүргийн хэлтсүүдээс Цэргийн штаб, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажилладаг гэлээ. Өөр ямар алба, хэлтэстэй хамтран ажиллаж байгаа вэ?
Ер нь Бүртгэлийн хэлтэстэй хамтарч ажилладаггүй хэлтэс, алба гэж байхгүй. Жишээ нь цагдаа гэхэд баривчилгаанд орж байгаа, гэмт хэрэг хийж байгаа, зөрчилд холбогдож байгаа бичиг баримтгүй иргэд бүгд манайд хандана. Тэгээд хувь хүний регистрээр зурагтай лавлагаануудыг тулгаж хараад тус хүн мөн байна, ийм хаяг дээр амьдардаг юм байна гэдэг асуудлыг манай хэлтэс дээр шийдэж өгдөг. Үүнээс гадна цагдаагийн байгууллагаас өр төлбөртэй хүмүүсийн төлбөр тооцооны асуудлыг төлөх чадвартай байна уу гэдэг хөрөнгийн лавлагааг авдаг. Нийгмийн хэлтэс гэхэд өндөр настан, ахмадууддаа баяр ёслолоор бэлэг сэлт өгөхөд манайхаас бүх лавлагааг авна. Энэ хүн тус хаяг дээр амьдарч байна уу, манай хорооны хүн мөн үү, халамж зйлчилгээний хэлтэс тус хүн дээр давхардаж очиж байна уу гэх мэт лавлагааг авдаг.Үүнээс гадна татварын алба байна. Татвараас зугтсан албан байгууллагын хаяг байршил, татвараас зугтсан тохиолдолд тэдний нэр дээр өмч хөрөнгө бүртгэлтэй байна уу г.м, шүүхийн шийдвэрээс өр төлбөртэй олдохгүй байгаа хүмүүсийн тухай мэдээллийн лавлагааг манайхаас авдаг учир хамтарч ажилладаггүй хэлтэс байдаггүй гэж хэлэхэд болно.
-2014 ондоо багтаан Бүртгэлийн хэлтсээс хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ямар томоохон ажлууд юу байна вэ?
Манайх “Иргэний андгай” гэж Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор явуулдаг тангарагийг өргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаар Хан-Уул дүүргийнхээ ИТХ болон ЗДТГ-тай хамтран Нийслэлийн 375 жилийн ойн зориулж ёслолтой арга хэмжээг хийхээр ажиллаж байна. Хуримын ордон манай хэлтэстэй хамтран ажилладаг байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтын ажиллагаа алдагдсан. Бид хамтарч ажиллаж байх хугацаандаа хуримын ордонд төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдийг 50-60 мянган төгрөгөөр хурим хийлгэдэг байсан. Энэ нь хуримын ордны шинэ удирдлагуудтай холбоотой байх гэж бодож байна. Дүүргийн Засаг даргын зүгээс маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд энэ жил хориод сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Хороодын улсын бүртгэгч нарт зориулан долоон сая 500 мянган төгрөг болон нэмж тоног төхөөрөмжинд зориулж 11 сая төгрөгийг төсвөөс гаргасан. Өнгөрсөн жил нэг тэрбум 400 сая төгрөгийг дүүргийн төсөвт оруулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүнийгээ давуулан биелүүлж хоёр тэрбум 250 сая төгрөгийг дүүргийн төсөвт оруулснаар манайх хөрөнгө оруулалтаараа хоёрт орсон. Тус хөрөнгө оруулалтаар төрийн албан хаагчийн цалинг тавих болон дүүргийн төсвийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй бусад төсөвт мөнгө гаргадаг. Харин 2014 оны хувьд гурван тэрбум төгрөгийг төсөвт оруулах зорилт тавин ажиллаж байна. Өмнөх жилийн үзүүлэлт өндөр гарсан шалтгаан нь найман хувийн зээлтэй холбоотой төсөв их нэмэгдсэн байгаа.
Ярилцсанд баярлалаа Танд ажлын өндөр амжилт хүсье.