Б.Алтанцэцэг: Хороо болгон дээр "Хөдөлгөөнт бирж" ажиллаж байна

2014 оны 10 сарын 21

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар ярилцаж, тодорхой мэдээлэл авлаа.
ХУД-ээс  ажилгүй иргэдийн тоог багасгахын тулд ямар ажил хийж байгаа вэ?

Дүүргийн хувьд өмнө нь бүртгэлтэй байсан иргэд бүрэн ажилд орж чадсан. Зарим нь манай хэлтсээр зуучлуулж, зарим хэсэг нь өөрсдөө ажилд орсон буюу өөрөө өөртөө шинээр ажлын байрыг бий болгосон зэрэг олон янз байдаг. Ийм учраас өнгөрсөн жилийн судалгаанд үндэслэн ажилгүй иргэдийн тандалт судалгаа хийгддэг. Уг тандалт судалгааг энэ оны 9 дүгээр сард хийсэн байгаа. Судалгаагаар 4000 гаруй иргэн ажилгүй байна гэсэн үр дүн гарч байсан. Харин энэ жилийн хувьд нөхцөл байдлын судлагааг  хийсэн. Нөхцөл байдлын судалгаа гэдэг нь яагаад, ямар шалтгааны улмаас ажил хийхгүй байгааг тодруулдаг. Тухайлбал гэртээ хүүхдээ харж байгаа, өвчтэй аав, ээжийгээ халамжилж байгаа зэрэг шалтгаанаар ажил хийж чадахгүй байгааг тодруулдаг судалгаа юм. Манай дүүрэгт ийм шалтгаантай 1600 гаруй иргэн байна гэж судалгаагаар гарсан. Энэ жилийн эхний гурван улирлын байдлаар 1800 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдсан байна. Өөрөөр хэлбэл 1800 гэсэн тоо нь ажил олгогчоос тухайн иргэний ажилд орсон тушаал, зуучлалын хариу мэдэлдлийн хамт хөдөлмөрийн хэлтэст хүргүүлсэн иргэдийн тоо юм.  Харин 3000 гаруй иргэнд ажлын байр санал болгон зуучлаад байна.
Идэвхтэй ажил хайгч иргэдэд Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс хэрхэн туслалцаа үзүүлдэг вэ?
Идэвхтэй ажил хайж буй иргэдэд Хөдөлмөрийн хэлтэс  нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлалын үйлчилгээг үзүүлдэг. Зарим иргэд бусдад өөрийгөө илэрхийлж чаддагүйгээс ажилд орж чаддаггүй тохиолдол байдаг. Тэдгээр иргэдэд болоод өөр асуудалтай иргэдэд ганцаарчилсан зөвлөгөө авах шаардлагатай хүмүүст зориулан тусгай өрөө гарган, зөвлөгөө өгч дэмжиж ажиллаж байна.
Ажилд орохоор ирсэн иргэдийн ихэнх хувь нь бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаяг тодорхойгүй зэрэг асуудлууд гардаг. Энэ тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?  
Бид бичиг баримтаа гээгдүүлчээд ажилд орж чадахгүй 19 иргэнийг бичиг баримттай болгохоор ажиллаж байна. Дараа нь ажлын байранд зуучилж, сургалтанд хамруулдаг. Мөн эдгээр иргэдийг ажлын байрны хөтөлбөрт хамруулж, ажлын байранд зуучлах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Бид дүүргийнхээ 16-н хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойр байлгахын тулд “Хөдөлгөөнт бирж” ажиллуулдаг. Уг бирж нь мэргэжлийн болон давтан сургалт явуулах, мэдээлэл өгөх, идэвхтэй ажил хайгч иргэдийг бүртгэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. 16-н хороодод хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байгаа. Монгол Улсын хэмжээнд зарлагдаж буй ажлын байрны зар, захиалгууд  зэргийг хороо бүрт байрлаж буй цахим машинаас авч болно. Хороодод ажиллаж буй хөдөлмөрийн  мэргэжилтэн нь иргэдийг боломжит ажлын байранд нь шууд зуучлах үйлчилгээг явуулдаг болсон.
Ажлын байр нэмэгдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ талаар та дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?
Хавар, намартаа л санхүүжилт олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг төсөл хөтөлбөрүүд гэж байдаг. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ хөтөлбөр, аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг иргэдийг төслөө хэрхэн бичих, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар сургалтанд хамруулж сертификат олгох г.м олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Тухайлбал дээрх хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ юм оёх, зураг зурах зэрэг ажлыг хийдэг. Эдгээр иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 45 сая төгрөгийг энэ намар хувиарлаж өгсөн байгаа. 52 төсөл ирсэн ба эдгээр төслүүдтэй танилцах ажлын хэсэг байгуулан, ажлын байранд нь очиж үзээд сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтанд төслийн байр нь бодитой эсэх, ямар тоног төхөөрөмж хэрэгцээтэй, үйл ажиллагаа явуулахад юу шаардлагатай байгаа зэргийг судлан шалгаруулалт хийж, санхүүжилт олгогддог.   
Дээрх төсөлд ХБИ-ээс гадна 40-ээс дээш насны хөдөлмөрийн чадвартай ажилгүй  иргэд, эмзэг бүлгийн иргэд, амжиргаа дэмжих өрхийн иргэд, хорихоос суллагдсан ажил олдохгүй байгаа зэрэг зорилтот бүлгийн иргэд хамрагддаг. Өнгөрсөн хаврын хөтөлбөрт л гэхэд хорихоос суллагдсан таван иргэн хамрагдаж, одоо хэвийн ажил төрөл эрхлээд явж байна.  
Мөн төсөл, хөтөлбөрөөс гадна орон нутгийн өмчит “Агро парк”-тай хамтран дүүргийн 60 ажилгүй иргэдээр долоон га газарт ногоо тариулсан. Уг тариалалт нь бага зэрэг  оройтож тарьсан учраас болц нь жижиг байна. Гэхдээ өөрсдийн гараар Монгол хөрсөнд тарьсан төмсөө ажилгүй иргэд өөрсдөө хурааж аваад, хүнсэндээ хэрэглэх, зарж борлуулах зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Манай хэлтсийн хамт олон иргэдэд байнга хүрч үйлчлэх зорилго тавин  бусад аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс туршлага судлах, хийж буй ажлынхаа талаар байнгын мэдээллийг дүүргийнхээ вэб сайтад тогтмол байршуулан, иргэдээс ирэх санал гомдолд шуурхай хариу өгөн ажиллаж байна.
Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10483
0 эможи
keyboard_arrow_up