С.ЭРДЭНЭЧИМЭГ:“Хүүхдэд ээлтэй - Хан-Уул”, “Цүнхэн шуудан” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

2014 оны 10 сарын 21

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй 2014 онд хийгдэж буй ажлын явцын талаар ярилцаж, мэдээлэл авсан юм.
ХУД-ийн Боловсролын хэлтсээс 2014 ондоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлагаа эхлүүлье?

 

БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдуулан  дүүргийнхээ  боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Тус дүүрэгт  “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” , “Цүнхэн шуудан” гэсэн 2 хөтөлбөр хэрэгжиж байгаагаараа  онцлог юм. “Хүүхдэд ээлтэй  Хан-Уул” хөтөлбөр нь энэ жилээс эхлэн гурван жилийн турш хэрэгжих бөгөөд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн 2 дэд хөтөлбөртэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж ИТХ-аас  нэг тэрбум төгрөг баталсан.
Дүүргийн боловсролын хэлтэс нь 9-р сарын 06-нд 16 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалтыг  МҮСТӨ-нд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд  ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцож үг хэлсэн.  Уг чуулган дээр энэ хичээлийн жилд хэрэгжих хөтөлбөрүүдээ  танилцуулснаас гадна  “Мэргэжлийн багш нарын зөвлөл”-ийг байгуулж ажиллах журмыг баталсан юм. Харин дүүргийн бүх цэцэрлэгийн багш, туслах багш нарын чуулганыг  Дүүргийн соёлын төвд  зохион байгуулсан.
Цүнхэн шуудан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярина уу. Өөр ямар ямар дүүрэгт хэрэгжиж байгаа хөтөлбөр юм бэ?
БШУЯ-аас ганцхан ХУД-т 15,18,52,75,34 дүгээр сургуулиуд дээр “Цүнхэн шуудан” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийг ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн дүүргийн бүх сургуулиуд  дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Уг төсөл нь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх, боловсролын үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх зорилготой.   Хүүхэд болгон нэг хавтастай бөгөөд  уг хавтасыг эцэг эх, багш нарын хооронд холбох гүүр, баримт бичиг болгож байгаа юм. Хавтасыг  хүүхдийн цүнхэнд хийж өгснөөр “Цүнхэн шуудан” гэж нэрлэгдэх болсон. Энэ хөтөлбөрийн хувьд одоогоор бага ангид хэрэгжиж байна. Тийм учраас бага ангийн багш нарын ачаалал нэмэгдэх тул дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад нэг сургуульд гурван ахмад багшийг ажиллуулж байна. Тэдгээр ахмад багш нар маань бага ангийн багш нарт эцэг эхийн оролцоог хэрхэн нэмэглүүлэх, хичээлээ хэрхэн заах зэрэг тус  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь туслана гэсэн үг. Энэ долоо хоногт ахмад багш нарт  “Цүнхэн шуудан” төслийнхөө хичээл орж байгаа. Харин ирэх долоо хоногоос сургуулиудад очих болно.
Танай хэлтэсийн зүгээс цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж  ямар ажлууд хийгдэж байна вэ?
Энэ жил дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, өмнө нь хамрагдаж байгаагүй зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуны цэцэрлэгийг ажиллуулсан. Дүүргийнхээ 16-н  хороо болгон дээр нэг бүлэг хичээллүүлсэнээр нийт 400 гаруй хүүхдийг хамруулсан. Зуны сургалтанд зориулж 82 сая төгрөг зарцуулагдсан байгаа. Уг сургалт нь “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн төсвөөс санхүүжигдсэн. Энэ нь эцэг, эхчүүдийн зүгээс ихээхэн талархал хүлээсэн ажил болж чадсан.
Цэцэрлэгийн багтаамжийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Харин ХУД-ын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Манай дүүргийн хувьд  8, 15, 16-р хороодод төрийн өмчийн цэцэрлэг байдаггүй. Энэ ондоо багтаад наймдугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орно. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа нь жигдрээд явна гэсэн үг. 15-р хорооны хувьд 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор ашиглалтанд орно.  Цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг  ойр орших хороодын цэцэрлэгт хамруулахаар элсэлтийг зохион байгуулдаг. Цэцэрлэгийн асуудал бол бүх дүүрэгт л байдаг асуудал. Харин манай дүүргийн хувьд цэцэрлэг барих газар бэлэн байдаг нь нэг давуу тал юм. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 78,6 хувьд хүрсэн. Харин 114, 115 дугаар сургууль жилийн жилд гурван ээлжээр хичээллэж байна.  
Сүүлийн үед цэцэрлэгийн багш нартай холбоотой гомдол шүүмж их гарах болсон. Энэ талаар дүүргийн боловсролын хэлтсээс хэрхэн анхаарч байна вэ?
Цэцэрлэгүүдэд хүүхэд зоддог гэсэн асуудал гарах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хүүхдэд ээлтэй - Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 19 цэцэрлэгийг камержуулж байна. Энэ ажилд 200 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн. Ингэснээр цэцэрлэгүүд камераар 100% хангагдана гэсэн үг. Камержуулалт нь багш хүүхдийг хэрхэн зөв сурган хүмүүжүүлж, анхаарал тавьж байгаа зэрэг олон талын ашиг тустай юм.
Манай хэлтсийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг олонд хүргэх зорилгоор дүүргийн www.khanuul.mn вэб сайтад тогтмол мэдээллүүдийг оруулж, иргэдээс санал хүсэлтийг авч, хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Цаашид ч гэсэн бид хэрэгтэй мэдээллээр иргэд, эцэг эхчүүдийг бүрэн хангахыг зорин ажиллах болно.
Ярилцсанд баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10376
0 эможи
keyboard_arrow_up