Хан-Уул дүүрэгт их цэвэрлэгээ боллоо
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж 2014 оны 10 сарын 18-ны бямба гариг буюу өнөөдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийлээ. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцсон юм.
Их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу, аж ахуйн нэгж байгууллагын орчин, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг арилгалаа.
Цэвэрлэгээний өдөр зарласантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэсээс тамгын газар болон дэргэдэх 20 хэлтэс, албад, 16 хороод, хороодоор дамжуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, их дээд дунд сургуулиудыг хамруулан дүүргийн Энхтайвны гүүрнээс Яармагын гүүр хүртэлх нутаг дэвсгэрийг цэвэрлэлээ.