П.Цагаан: Хөгжлийн гайхамшгийг бүтээхэд өрсөлдөх чадвар чухал

2014 оны 10 сарын 10

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган нийслэлд болж 21 аймгийн удирдлага оролцож байна.

 

Уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ТУЗ-ийн дарга П.Цагаан оролцон үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган болж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Энэ чуулганыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн форум, МХАҮТ, Конрад Аденауэрийн сан хамтран зохион байгуулж байна. Монгол Улс ардчиллын замыг сонгосон цагаас хойш  дотно хамтын ажиллагаатай явж ирсэн Конрад Аденауэрийн сан чуулганыг хамтран зохион байгуулж байгаа нь таатай байна.

Монгол Улс өнгөрсөн 24 жилд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл ирэх 24 жилд хөгжлийнхөө хурд, далайцаар дэлхийд гайхагдсан орон болох боломж байна. Жил бүр 15 хувийн өсөлттэйгээр 15 жил хөгжвөл Монголын ДНБ 100 тэрбум ам.долларт ойртож очих боломжтой. Ирэх 20 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээсэн, хамгийн хурдан хөгжсөн орон болох боломж байна. Эдийн засгийн хөгжлийн ийм гараан дээр байгаа үед Конрад Аденауэрийн сан бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь их чухал юм.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг анх гаргахдаа Монголтой эдийн засгийн бүтэц, хүн ам, шилжилт зэрэг ямар нэг байдлаараа ижил төстэй дэлхийн янз бүрийн тивийн 14 оронтой харьцуулсан 345 үзүүлэлтээр гаргасан. Эдгээр үзүүлэлт нь дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн, засаглалын зэрэг олон талыг хамарч байсан. Үүгээр     Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийд хаана байгааг тодорхойлох зорилготой байсан. Үүний дараа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс  аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 онд анх удаа 130 гаруй үзүүлэлтээр гаргасан. Тэр нь аймгууд Монгол Улс дотроо өрсөлдөх чадвараараа хаана байгааг гаргах зорилготой байсан юм. Ингээд 2013 оны тайлангаар өнгөрсөн нэг жилд ямар үзүүлэлтээр урагшлав, ямар үзүүлэлтээр ухрав гэсэн хэмжээс гаргах зорилго тавьсан. “Аливаа юмыг хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй” гэсэн Ромын гаралтай эртний зүйр үг байдаг. Энэ бол туйлын үнэн.

Та нар бол аймаг, орон нутгийг удирдаж байгаа хүмүүс. Та бүхэнд хамгийн эхэнд зөвлөх зүйл бол бүртгэл. Тэгээд хэмжүүр. Аливаа юмыг хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Удирдаж чадахгүй бол юмыг боловсронгуй болгож чадахгүй. Улс орон, аймаг, орон нутгийг удирдана гэдэг бол хамгийн түрүүнд бодит хэмжүүртэй болох хэрэгтэй. Хэмжүүр гэдэг бол гүнзгий утга учиртай үг. Байгалийн шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан хөгжсөөр байгаад хэмжиж болохгүй зүйл байхгүй болсон. Хамгийн эхлээд хэмжиж сурах нь зүйтэй. Аймгууд эхлээд өөрсдийгөө бодит шалгуураар хэмждэг болно гэдэг бол улс орон, аймаг, орон нутгийг удирдах үндсийн үндэс, толь нь болж байгаа юм. Гэхдээ нөлөөтэй биш, бодитой толь юм. Хөгжлийн гайхамшгийг бүтээхэд өрсөлдөх чадвар чухал. Үүнд та бүхний үүрэг роль асар их юм.

Манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ийм чадвартай болохын тулд цаг хугацаа их зарсан. Швейцарийн холбооны улсын туршлагаар ажиллаж хэмжилт хийх аргад суралцсан. Өрсөлдөх чадварын судалгааны төвийн тайлан бол миний итгэж үнэмшиж байгаагаар Монголд хамгийн бодитой, ямар нэгэн субъектив шинжгүйгээр ажиллах чадвартай болсон хүмүүсийн гараар, гадаадын 20-30 жилийн туршлагатай хүмүүсийн удирдлага дор боловсруулсан бодит үнэнд хамгийн ойртсон тайлан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн 11 дүгээр сард “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга дэвшүүлж том хурал хийсэн. Ухаалаг төр рүү шилжих зайлшгүй шаардлагатай гэсэн бүх тооцоо судалгаа, үндэслэлүүд нь таван жилийн хугацаанд хийсэн Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгаа, тайлан байсан юм шүү. Иймээс судалж, хэмжиж чадна гэдэг бол тал бүрийн ач холбогдолтой юм. Өрсөлдөх чадвар гэдгийг нарийн шинжлэх ухаан гэж ойлгох хэрэгтэй. Өмнөговь аймаг хүсэлт гаргаад сумдынхаа өрсөлдөх чадварыг манай төвөөр гаргуулаад байна. Аймгуудын жил бүрийн өрсөлдөх чадварын тайланг Монгол Улсын жил болгоны эдийн засгийн форум дээр ярьдаг хэвшил тогтоод явж байгаа. Энэ тайланг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, та бүхэн ашигладаг болж байгаа нь чухал юм.

Өнгөрсөн жилээс Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улсад анх удаа хөрөнгө оруулалтыг орон нутагт нь шилжүүлж, төсөв, орон нутгийн хөгжлийн санг иргэдийн шууд оролцоотойгоор, тэдний саналаар хуваарилж эхэллээ. Үүнд иргэд маш их таатай байгаа. Би яагаад шууд ардчилал-иргэдийн оролцооны талаар ярьсан бэ гэвэл Монгол Улс өнгөрсөн 24 жилд сонгуулийн ардчилалтай байсан. Одоо ирэх 24 жилд иргэдээсээ санал асууж, тэднээр шийдвэр гаргуулдаг шууд ардчилал руу оръё гэж байгаа. 2009 онд анх Иргэний танхимыг Төрийн ордонд байгуулж байсан бол өнөөдөр аймаг, сум, нийслэл, дүүрэгт 300 гаруй Иргэний танхим байгуулагдаад байна. Иргэдээр шийдвэр гаргуулдаг болох юм бол Монгол Улс хүчтэй, жигд хөгжсөн улс болох боломжтой.

Үүний зэрэгцээ хэлэхэд төр төвхнүүлэх үйл ажиллагаа булингартай байгаа. “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн зүйр үг байдаг. УИХ, Иргэдийн Хурал, Засаг даргын гээд аль ч шатны сонгууль ч бай, булингаргүй, тунгалаг явах юм бол уг байгууллага, уг хүний үйл ажиллагаа бас булингаргүй, тунгалаг байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд Сонгуулийн хууль, санхүүжилтийн хууль, нэр дэвших хуулийг боловсронгуй болгож 2016 онд үнэхээр булингаргүй төр, засгийг төвдөө ч, орон нутагтаа ч байгуулъя гэсэн бодлоготой байна.

Үүнд хоёр зарчим барья гэж байгаа. Нэгд, тухайн сонгуулийн байгууллага, албан тушаалд өрсөлдүүлэх зарчим нь тэгш оролцоог дэмжсэн байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эрүүл саруул, эрдэм боловсролтой, тухайн ажлыг хийж чадах ямар ч хүн өрсөлдөх боломжтой байх ёстой. Өнөөдөр мөнгөний үүрэг роль их байгаа учраас сонгуулиар байгуулагддаг байгууллагууд мөнгөтэй, бизнесийн хүмүүсийн клуб болчих гээд байгаа тал бий. Иймээс төр, засгийн байгууллагад сонгогдож ажиллах хүмүүс мөнгөний шалгуураар биш, олон хүн өрсөлддөг хуулийн зохицуулалтаар гарч ирэх ёстой. Хоёрдугаарт, тэгш өрсөлдөх боломжтой байх ёстой. Энэ хоёр зарчмаар хатуу чанд хууль боловсруулж байгаа гэдгийг хэлье.

Шилэн дансны тухай хууль гэж та бүхэн сонссон. Энэ хууль ирэх жилээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн дагуу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс таван сая төгрөгөөс дээш бүх орлого, зарлагын гүйлгээ байгууллагынхаа веб хуудсан дээр тавигдана. Веб хуудасгүй бол самбар дээр, олон нийтийн нүдэн дээр ил тод тавина. Тэгж тавиагүй бол нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно. Сонгуульд оролцож байгаа нам, бүх хүмүүс сонгуульд зарцуулах мөнгөө мөн Шилэн данстай адилхан нэг дансанд төвлөрүүлж захиран зарцуулдаг болно. Шилэн дансны тухай хууль бол төр, засгийн үйл ажиллагааг булингаргүй байлгах их том утгаар гарсан хууль шүү. Энэ хууль төрийн байгууллагаас эхлээд дараагаар нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн бүх нэгжүүдэд хамаарна. Дараа нь улс төрийн намуудад хамаарна.

Би та бүхэнд гурван зүйл хэллээ. Нэгд, ухаалаг төр гэдэг бол урт процесс. Үүн дотор Сонгуулийн хууль, санхүүжилтийн хууль, нэр дэвших хууль, тайлагнах, өрсөлдөх чадвар гээд их олон зүйл багтана. Хоёрт, шууд ардчилал, орон нутгийн оролцоо гэдэг бол түр зуурын ажил биш. Монголын иргэд хүчтэй байвал хүчтэй улс болно. Гуравт, Шилэн дансны хуулиар төр, засгийн бүх үйл ажиллагаа ил тод болоод ирвэл олон нийтийн шууд хяналтад орно. Төсвийн хөрөнгийг юунд захиран зарцуулж байна вэ гэдэг нь ил болно. Хяналттай болно” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр хөрөнгө оруулагчдыг ташуур барьж хөөх биш хадаг барьж угтдаг, хүний төлөө хийж буй ажлаа эхэлж тайлагнадаг, байх ёстойг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9945
0 эможи
keyboard_arrow_up