Номоор нээе төсөл арванхоёр сараас хэрэгжүүлэнэ
МЗХ-ноос санаачлан ШШГЕГ-тай хамтарч “Нарантээл” ХХК-ийн санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх аравхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Энэ нь хорих ангид хүмүүжигч ном уншиж, эдлэх ялын хоногоо бууруулах, хүмүүнлэг иргэний төсөл аж.Энэ тухай мэдээллийг 10 дугаар сарын 06-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд Залуучуудын холбооны төслийн багийнхан болон ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хошууч Н.Ганхуяг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Галсанжамц нар хийсэн юм.
Тухайлбал, хүмүүжигч нэг ном уншиж эдлэх ялаасаа тав хоногийг хасах буюу нэг сард хоёр ном уншиж, нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлжээ. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд хоног олгох юм байна.Түүнчлэн одоогоор төсөл хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт, залуу хүний заавал унших 100 номын жагсаалт, төсөлд шаардлагатай номын нэрс, шагналын хоног тооцох шалгалтын тест боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зарим бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.
Уг төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд хорих 411 дүгээр анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх хорих 425 дугаар ангийн 310 орчим хүмүүжигчийг оролцуулан нийт 300 гаруй хүн бүтэн жилийн хугацаанд хамрагдах юм байна. Харин II үе шатанд ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хэрэгжүүлэх аж.Өнөөгийн байдлаар ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн 25 хорих ангид нийт 6400 орчим хүмүүжигч ял эдэлж байгаа бөгөөд нийт хүмүүжигчдийн 89.9 хувь нь бичиг үсэг тайлагдсан буюу төсөлд 5.800 орчим хүмүүжигч хамрагдах боломжтой. Мөн гадны орнуудад ийм төрлийн төсөл хэрэгжүүлж хүмүүжигчдийн ялын хоногийг хасдаг тэргүүн туршлага бий гэдгийг энэ үеэр холбогдох албаныхан онцолсон юм.