Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтэнд үг хэлээгүйн учир

2014 оны 10 сарын 01

Засгийн газар ажлаа хийж чадахгүй үед, эрх баригчид эрх дураараа тонгочих үед ямагт ард түмний талд байж, чанга хатуу үгээрээ үнэнийг дэлгэдэг Төрийн тэргүүний үг энэ удаагийн намрын чуулганы нээлтийн үеэр дутагдлаа.

Улс орны эдийн засаг элгээрээ хэвтсэн, иргэдийн цалин орлого чихрийн цаас шиг үнэгүйдсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсч, валютын ханш өссөн үед намрын чуулган нээлтээ хийж байна.

Хамгийн гол нь туйлын хариуцлагагүй ажиллаж, ийм байдалд хүргэсэн Засгийн газартай хариуцлага тооцох нь намрын чуулганы хамгийн гол ажил ч гэж болох юм.

Мэдээж хариуцлагын асуудал зөвхөн энэ удаа яригдаагүй бөгөөд аль жилийн өмнөөс эдийн засаг хүндрэх тухай ярьж, сануулж, хариуцлага тооцох тухай ч хөндөгдөж л байв. Гэвч Засгийн газар амладгаараа амласан ч ажилласан шиг ажиллаагүй.

Намрын чуулганаар Засгийн газартай хариуцлага тооцох асуудал босч ирэх нь тодорхой болмогц Ерөнхий сайд Н.Алтанхуяг арга сэдэж, Засгийн газрын бүтцийг өөрчлөх юм ярьсан. Гэвч нэг Ерөнхий сайд хоёр бүтцээр ажилладаггүй юмаа гэх хүн олон байна.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа хариуцлагагүй байсан Н.Алтанхуяг өмнөх алдаагаа өрөөлд үүрүүлээд өөрөө цааш зүтгэе гэх нь утгагүй юм.

Гэтэл ийм эгзэгтэй үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намрын чуулганы нээлтэд үг хэлсэнгүй.

Түүнийг төрийн тэргүүний хувьд, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, хамгийн гол нь бүх ард түмнээс сонгогддогийн хувьд эрх баригчдын үнэн бодит байдлыг илчилж, цаашид хэрхэн яаж ажиллахыг зааж зааварлах болов уу гэсэн тэгсэнгүй.

Ер нь олон түмэн байдал хэцүүдээд ирэнгүүт Ерөнхийлөгчийнхөө амыг хардаг жишиг Н.Багабанди Ерөнхийлөгчийн үеэс тогтсон шиг.

Тэрбээр тухайн үеийн дарангуйлагч Н.Энхбаярын засаглалыг эсэргүүцэж, эрс шулуун, эсвэл ухаалаг тойруу үгээр чуулганы индрээс хэлдэг байлаа. Яг түүн шиг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тийм үг хэлэх болов уу гэсэн хүлээлт байв.

Гэвч Ерөнхийлөгч маань зүгээр л тааллаараа чуулганы нээлтэд оролцож, суудал дээрээ сууж өнгөрөөв.

Үүнийг төрийн тэргүүн маань Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжлэх хүсэлгүй байна гэдгээр ажиглагчид тайлбарлаж байна.

Засгийн газрын асуудлаас үүдэн тус намынхан дотроо хагаралтай байгаа нь үнэн.

Тиймээс Ерөнхийлөгчийг цэвэр намын өнцгөөс асуудалд хандаж, намынхаа хагарлыг дэвэргэхийг хүсээгүйтэй ч холбож болох юм. Үүнээс улбаалан Ерөнхийлөгч Н.Багабанди нам үл харгалзан Н.Энхбаярыг шүүмжилдэг байсан. Харин Элбэгээ Ерөнхийлөгч маань намын эрх ашгийг урьтал болгож байгаа бололтой.

Эрх баригчдын хамгийн том хагарал Х.Баттулга ба Н.Алтанхуяг гэх хоёр хүнээр дамжин илэрч байгаа. Тэдний гол асуудал төмөр замын цариг ямар байх вэ гэдгээс улбаатай.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн үе “ихэрлэж” явсан Х.Баттулгын бодлоогыг дэмжихгүй, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаар үүнийг бас тайлбарлаж болно.

Ийм шалтгаан ч бий юм. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар урд хөршийн төрийн тэргүүнийг айлчлах үед урд хөрш тийш тавих төмөр замын царигийг Засгийн газрын бодлогоор буюу нарийнаар тавихаар баттай тохиролцсон гэх мэдээлэл бий. 

Мэдээж айлчлалын үр дүнг ажил хэрэг болгох нь Төрийн тэргүүний хувьд чухал.

Хэрвээ Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас буучихвал засгийн төлөөх тэмцэлд юун гэрээ, юун цариг л болох нь тодорхой.

 Багцалж хэлбэл, эгзэгтэй үед намрын чуулганы нээлтэд үг хэлээгүй Ерөнхийлөгчийг нэгдүгээрт, намтайгаа амь нэгтэй байна гэж дүгнэж болох. Хоёрдугаарт, нам доторхи МоАХ фракцаас хөндийрч, “Алтангадас”-тай илүү ойр болсныг энэ нь харуулж байна.

Гуравдугаарт, эдийн засаг хүндэрсэн үед хоёр хөрштэй учраа олох алхмыг хийсний хувьд үр дүнг нь үзэхийг хүсч байгаа бололтой.

Гэхдээ л намрын чуулганы нээлтийн индрээс олон нийтийн үлэмж хэсэг төрийн тэргүүнийхээ үгийг сонсохыг хүсч байсан билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9568
0 эможи
keyboard_arrow_up