Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр хоёр талын хэд хэдэн уулзалт хийсэн юм.
Эхлээд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт даруй гарын үсэг зурж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэхэд Японы тал дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсын Ерөнхий сайдад 60 насны ойн баярын мэнд хүргэж хэлэхдээ “Монголчууд жаран наснаас дахин шинэ эрч хүч мэндэлдэг гэдэг” хэмээн онцолсон бол Ерөнхий сайд Шинзо Абэ Төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж гар бичмэл захиа илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Дараа нь хоёр тал харилцан сонирхсон болон бүс нутгийн харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Беларусь улсын Ерөнхий сайд Михаил Мясниковичтай уулзав. Ерөнхийлөгчийн зүгээс Беларусийн байнгын ажиллагаатай ЭСЯ Улаанбаатар хотноо нээгдэж, харилцаа хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэсэн юм. Беларусь улсын талаас Монгол Улсад транзит тээврийн чиглэлээр хамтран ажиллах, уул уурхайн техник, технологи нийлүүлэхэд экспортын зээлийн хөтөлбөр эхлүүлэх, хөдөө аж ахуй, түүний дотор шувууны аж ахуй, бордоо үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улс тус улстай оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар санал тавьсан юм.
Мөн НҮБ-ын 69 дүгээр Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монакагийн Хунтайж Алберт, Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани нартай уулзаж хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцав.