Ерөнхийлөгч “Дэлхийн парламентад” оролцож дугуй ширээний уулзалтыг даргална
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож байна. Энэ удаад манай улсын Ерөнхийлөгч уг чуулганд оролцогч дэлхийн Төр, засгийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтыг даргалах юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа бөгөөд энэ сарын 16-наас ирэх сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөн пүрэв гаригт “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг БОНХ-ийн сайд С.Оюунд гардуулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүн болсон цагаасаа байгаль орчны асуудалд нухацтайгаар анхаарал хандуулсаар ирсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд ард иргэдийг бэлэн байлгахад чиглэсэн энэхүү зарлиг чухал ач холбогдолтой билээ.
Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлч Масакацу Отаг хүлээн авч ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагаа есдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Цөмийн зэвсгийг хориглох өдөрт зориулан өгсөн юм билээ. Ерөнхийлөгч уг ярилцлагадаа “Цөмийн зэвсэгтэй байгаад сайн үр дүнд хүрсэн түүх, сургамж алга байх шиг санагддаг. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон бүгд дэмжиж гарын үсэг зурж, мэдэгдэл гаргасан. Бид эдгээр оронтой хоёр талаараа, ялангуяа хоёр хөрш оронтойгоо энэ статусыг дэмжсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой талаар ярьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах, тээвэрлэхийг хориглох талаар ҮАБЗ маш тодорхой шийдвэр гаргасан. Энэ асуудлаар Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаднын орон, хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон.
Монгол Улс энэ талаар бас хуультай. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөхийг хэзээ ч хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол баталгаажсан шийдвэр юм. Дараагийнх нь миний хувийн байр суурь юм. Хэрэв цацраг идэвхт бодисыг хайх, судлах, ашиглахаар болбол Монгол Улсад зөвхөн шар нунтаг хийх хүртэл үйл ажиллагаа байж болох юм. Түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйл ажиллагаа байж болохгүй гэсэн байр суурьтай байдаг ” гэсэн байна.