Ц.Элбэгдорж: Сайныг дэмждэг, саарыг үл дэмждэгээрээ Ерөнхийлөгчийн ажил, сэтгүүлчийн ажил төстэй юм
“Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах зургаа дахь удаагийн ёслол өнөө орой “Улаанбаатар” зочид буудалд болов. Зургаа дахь удаагийн “Балдорж” шагналын эзнээр гэрэл зурагчин Уртнасангийн Ганбаяр, телевизийн сэтгүүлч Мархаахүүгийн Буянбадрах нар тодорлоо.
Тэд хамтарч “Хүрээлэн”-Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгийг эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сараас эхлэн МҮОНТ, NTV, “Боловсрол суваг” телевизээр дамжуулсан юм. Өнгөрсөн хугацаанд тэдний багийн сэтгүүлч, гэрэл зурагчид, зураглаачид 20 гаруй мянган км зам туулж, Монгол орны дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, ан амьтан, араатан жигүүртний олон мянган зургийг дүрс, хальсанд мөнхөлжээ.
“Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Тэр уламжлал ёсоор У.Ганбаяр, М.Буянбадрах нарын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтнууддаа, тэдний хамт олонд баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Жил жилийн “Балдорж” шагналын энэ сайхан ёслолын үйл ажиллагаанд оролцох нь нэр хүндийн хэрэг байдаг. Сая шагнал гардуулахад сайхан учрал тохиолоо. Намайг “Улаан-Од” сонинд сэтгүүлчээр ажиллаж байхад сая шагнал гардсан Буянбадрахын аав Мархаахүү гуай тэнд ажиллаж байсан. Анх намайг ажлын гараагаа эхлэхэд тусалж дэмжиж байсан их сайхан буянтай буурал байдаг. Хүү нь өнөөдөр шагнал гардаж байгаад би их баяртай байна.
Жил жилд сэтгүүлчдийн сайхан уулзалт, хэвлэлийнхний баяр болдог. “Балдорж” шагнал гардуулна гэхээр бүх сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтнууд, энд ирээд байгаа бүх хүн хүсэн хүлээдэг, ийм сайхан уулзалт, ийм сайхан баяр болдог. Миний хувьд ч гэсэн хэвлэл, мэдээллийнхэнтэйгээ уулзаж гар барих, үг солих ийм сайхан боломж гардагт баяртай байдаг.
Энэ өдрийг хүлээж, энэ шагналыг гардуулж байхдаа юу хэлэх вэ, ямар гол мессеж, гол санаа байвал зүгээр байх вэ гэж боддог. Өнөө өглөө бодож байхад энгийн нэг санаа надад орж ирсэн.
Ер нь Ерөнхийлөгчийн ажил өөрөө сэтгүүлчийн ажилтай их төстэй юм. Бусад мэргэжилд байдаггүй хоёр онцлог Ерөнхийлөгчийн ажилд байна. Ерөнхийлөгчийн ажил гэдгийн цаана төрийн албанд зүтгэж байгаа олон мянган хүнийг би хэлж байгаа юм. Төрийн албанд зүтгэж байгаа олон мянган хүн, хэвлэл, мэдээлэлд зүтгэж байгаа олон мянган хүнд ижил төстэй хоёр зүйл байгаа юм шиг надад санагдсан.
Энэ нь юу вэ гэвэл сайныг дэмждэг, саарыг үл дэмждэг. Ийм хоёр ажил байгаа юм. Энэ бол их хэцүү ажил гэж би боддог. Байнга сайныг бичээд, сурталчлаад явахын хажуугаар болохгүй байгаа зүйлүүдийг илрүүлж, хэлж, засч, нийгэмд сайн сайхныг авчрахын төлөө зүтгэж явдгаараа та бүхний ажил их ойрхон юм байна гэж бодсон.
Энэ жил би хүүхдүүдэд хичээл заахдаа бүтээлч Монгол, бүтээлч иргэн, бүтээж байгаа хүмүүсээ дэмжие гэсэн сэдэв сонгосон. Манайд шийдвэр гаргахын төлөө биш гаргуулахгүйн төлөө, юм бүтээхийн төлөө биш, бүтээлгэхгүй байхын төлөө хүчин их хүчтэй болжээ. Одоо бүтээхийн төлөө яваа хүмүүсээ дэмждэг, юм хийж байгаа хүмүүсээ дэмждэг сайхан уур амьсгал, эрүүл эрч хүчийг илүү авчрах хэрэгтэй юм байна гэсэн санаа надад бодогдож байгаа. Үүнийг авчрах хамгийн гол хүмүүс бол үнэхээр манай хэвлэл, мэдээллийнхэн юм.
Монголчууд ч ингэж итгэдэг. Муу юм яриад л байвал улам муудаад байдаг. Сайн юм яриад, сайхны төлөө зүтгээд, хүнтэй уулзаж учрахдаа хүртэл сайн талыг эхэлж хараад, сайн талыг нь дэмжээд байх юм бол өөрийгөө тойруулаад сайхан эрчим хүчийг бий болгодог гэж итгэдэг. Энэ сайхан эрчим хүчийг бий болгох буянтай үйлсийг гүйцэтгэхэд манай хэвлэл, мэдээллийнхэн их өргөн үүрэг гүйцэтгэх ёстой гэж бодож байна. Хийж бүтээж байгаа, сайн зүйл хийхийн төлөө зүтгэж яваа хүмүүсээс сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийнхэн үгээ бүү харамлаарай. Тийм зүйл бичиж олон нийтэд хүргэх гэж байгаа сэтгүүлчдээс сонин, сэтгүүлийн эрхлэгч нар, хэвлэл, мэдээллийн удирдлагууд урмаа битгий харамлаарай гэдгийг дахин хэлье.
Энэ сайхан баярын үеэр дахин дахин уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэлээ.