Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах Куба улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Лаура Марреро Итгэмжлэх жуух бичиг барив.
Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржЭлчин сайдыг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Элчин сайд Омар Лаура МаррероКубын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан дэвшүүллээ.
Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро 1970 оны хавар Монголд айлчилж, гүүний айргаар дайлуулж байснаа дурсан санаж, дахин Монгол Улсад айлчлах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдгийг Элчин сайд дамжуулан хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Куба хоёр улс урьдын сайн харилцаагаа сэргээж, өндөр хэмжээний айлчлалууд харилцан хийж болох талаар дурдлаа. Куба улсад Монголын олон мэргэжилтэн суралцан төгсч байсан уламжлалтай. Мөн өмнөх үед хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлалууд хийж байсныг энэ үеэр тэмдэглэсэн юм.
Элчин сайд Омар Лаура Марреро Монголд ажиллах хугацаандаа өмнөх үед байсан сайн харилцааг дахин сэргээхийн төлөө хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Куба улсад анагаах ухааны салбар сайн хөгжсөн, олон төрлийн сайн чанарын эм бэлдмэл, вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлж байгаа гэдгийг Элчин сайд дурдаад спортын салбарт, ялангуяа боксын төрөлд Монгол, Кубын тамирчид ана мана өрсөлдөж байгаад талархалтай явдаг гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын удирдагч асан Фидель Кастрогийн эрүүл мэнд сайн байгаад баяртай байна гээд Кубын талаас Монгол Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хүлээн авахад бэлэн байна гэдгийг хэлж, Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрод халуун дотно мэндчилгээ дэвшүүлэв.