Ц.Элбэгдорж: Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй арга
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмон,
Хуралдаанд оролцож буй улс орны тэргүүн, хүндэт зочид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 14 дэх удаагийн хуралдааныг өндөр түвшинд, бүтээлч байдлаар зохион байгуулж, төлөөлөгч биднийг эелдэг, халуун дотноор хүлээн авч, хамтран ажиллах таатай орчин бүрдүүлсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмон Танд гүн талархлаа илэрхийлье.
Өнө эртний соёл иргэншлийн түүхтэй Тажик нутагт зочилж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд “Хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын цэцэглэл” уриан дор бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөхөд нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар, ялангуяа Ерөнхийлөгч Эмомали Рахмон идэвх зүтгэл гарган, жинтэй хувь нэмрээ оруулсныг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улс Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох гадаад бодлогын хүрээнд 2004 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай анхны орон болсон. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцож ирсэн.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ШХАБ нь үйл ажиллагааныхаа эдийн засгийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой байгаагаа тэмдэглэе. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэхүү үйл хэрэгт байгууллагын ажиглагч, түнш орнуудыг татан оролцуулах, энэ чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
ШХАБ-ын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс нь “Эрчим хүчний клуб” дэх оролцоогоо бэхжүүлэх, удахгүй байгуулахаар ажиллаж буй ШХАБ-ын Хөгжлийн банк, Тусгай дансанд өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан идэвхтэй оролцох хүсэлтэй байна.
Түүнчлэн, ШХАБ-ын хүрээнд Монгол, Орос, Хятадын гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, гурван талт хамтын ажиллагааг байгууллагын хүрээнд хэрэгжиж буй дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транссибирь, Байгал-Амарын гол замын дамжин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх” зэрэг төсөл болон бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах нь Төв Азийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Түүхийн үүднээс авч үзэхэд монголчууд Торгоны замын боломжийг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Монгол Улсын газар зүйн байрлал, бүс нутгийн ачаа тээврийн байнгын өсөлт зэрэг нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын санаачлагыг хэрэгжүүлэх талаархи анхны гурван талт уулзалтыг өчигдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын агуулга, зарчмыг хэлэлцэж байх асуудлын тухай манай улсын санаачилгын талаар хэлэлцэж, тодорхой ойлголцол, тохиролцоонд хүрч чадлаа..
Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. Энэ хүрээнд 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, төмөр зам, уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон нь бүс нутгийн хамтын ажиллагааны бүхий л салбарт Монгол Улсын оролцоо улам идэвхжих нөхцөл бүрдсэнийг тэмдэглэе.
Анхаарал тавьсанд баярлалаа.