ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин: Монгол Улстай олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр бид тохиролцлоо

2014 оны 9 сарын 04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулан мэдээлэл хийлээ.

Тэрээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

 

Энэ айлчлал болон ноён Ц.Элбэгдоржтой бидний хийсэн хэлэлцээ бүхэлдээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм. Бидний хамтын түүхэн өв уламжлалыг ийнхүү нандигнан хүндэтгэж байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Ийм хандлагын яруу тод жишээ бол энэхүү түүхт ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээнүүд юм. Өнөөдөр бид эдгээр арга хэмжээний нэгд оролцох болно. Хамтын түүхэн ой дурсамж, өнгөрсөн үеийн баатарлаг хуудсууд бол Орос-Монголын өнөөгийн харилцаагөөр хоорондын хүндэтгэл, итгэлцэл, найрамдлын үзэл санааны үүднээс хөгжүүлэх сайхан үндэс мөн. Бидний нийтийн зорилт бол ОХУ, Монгол Улсын ард түмний тусын тулд хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө тодорхой алхмууд хийх явдал юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр хэлэлцээний явцад санал нэгтэй тэмдэглэлээ.

Бид Орос, Монголын стратегийн түншлэлийн гол гол чиглэлийг нарийн тодорхой хэлэлцлээ. Үүнийг юуны өмнө худалдаа, эдийн засгийн салбарт бэхжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойллоо. Хэлэлцээний үр дүнг харгалзан ноён Ц.Элбэгдорж бид хоёр цаашид хамтран ажиллах талаар тодорхой Замын зураг бэлтгэхийг яамдад даалгах болно. Энэ баримт бичиг шинэ шинэ үйлдвэрлэлийг бий болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг урамшуулах, хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөхөд чиглэх болно.

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр  бид тохиролцлоо. Төмөр замын сүлжээг өргөтгөснөөр баялаг ихтэй ч хүрэхэд бэрхшээлтэй уул уурхайн орд газруудыг ашиглах тээврийн хүчин чадлыг нэмэх болно. Уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа бид цаашид ашиглах бүрэн боломжтой. Үүнд Азийн хамгийн том зэс, молибдений үйлдэрлэлийн нэг болох хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг нэрлэж болно. Мөн түүнчлэн алт үйлдвэрлэгч Монголросцветмет компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр компани Монгол Улсын ДНБ-ний 20 хүртэлх хувийг хангаж байгаа бөгөөд тэдгээрийн технологийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Үүнд тус дөхөм болох ёстой хоёр баримт бичиг бол Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай протокол, нислэгийн маршрутын сүлжээг өргөтгөх тухай яам хоорондын санамж бичиг юм.

ОХУ уламжлал ёсоор Монгол Улсад цахилгаан эрчим хүч найдвартай нийлүүлж ирсэн бөгөөд Монгол орны хэрэглээний долоон хувийг хангадгаараа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн тавцанд гол компанийн нэг болох Роснефть компани нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг хангаж, Улаанбаатарын Олон улсын нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангаж байгаа юм. Үүнээс гадна Роснефть компани Монголын зах зээлд оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Монгол Улсад ГАЗ, Урал зэрэг Орост үйлвэрлэсэн автобус, автомашиныг сайн мэддэг. Манай машин үйлвэрлэгчид бүтээгдэхүүн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодолтой байна. Бидний хэлэлцээний явцад эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны худалдааны харилцаа тэнцвэргүй, Оросын талд давуу байгааг тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын бүтээгдэхүүнд тавигдаж байгаа хязгаарыг цуцлах хүсэлт тавьсны дагуу бид ажиллаж судалж үзэх болно. Монгол Улс нь ОХУ-ын талын мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангасан нөхцөлд Оросын зах зээлд ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Хоёр орны мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж байгаа. Нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Хэлэлцээний явцад хүмүүнлэгийн харилцаанд бид мөн ихээхэн анхаарал тавилаа. Боловсрол, соёл, иргэд харилцан зорчих зэрэгтэй энэхүү харилцаа холбоотой юм. Улаанбаатарт ОХУ-ын гол тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар амжилттай ажиллаж байна. Өнөөдөр Роснефть компанитай байгуулсан хэлэлцээр энэ талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.

Мөн иргэд харилцан визгүй зорчих талаар хэлэлцээрийг өнөөдөр байгуулсан нь ач холбогдолтой юм. Бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа ч чухал ач холбогдолтой. Олон улсын харилцааны хүрээнд ч бид үйл ажиллагаагаа харилцан зохицуулах болно. НҮБ, ШХАБ зэрэг олон улсын гол тавцан дээр ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.

Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээ хоёр талын хооронд олон чиглэлд үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж байгааг харууллаа.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг зочломтгой хүлээн авсны зэрэгцээ хоёр талын мэргэжилтнүүд энэ айлчлалыг маш сайн бэлтгэн хэрэгжүүлсэнд талархаж байна. Баярлалаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8168
0 эможи
keyboard_arrow_up