Ц.Элбэгдоржийн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд зориулсан хүндэтгэлийн зоог дээр хэлсэн үг

2014 оны 9 сарын 04

Эрхэмсэг ноён Владимир Владимирович,

Хүндэт зочид оо,

Хатагтай, Ноёдоо,

Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин Таны болон Таныг дагалдан яваа нийт төлөөлөгчдийн энэ өдрийн амгаланг айлтгаж, манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

Та өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газрын даргын хувиар Монгол Улсад айлчилж байсан, манай улсыг сайн мэддэг, манай ард түмний дотны анд нөхөр билээ.

Владимир Владимирович Таныг болон дагалдан яваа Оросын олон анд нөхдөө манай улсад айчлан ирсэнд Монголын ард түмэн, төр засгийн удирдлага туйлын баяртай байна.

Энэ өдрүүдэд бид Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчид, найрамдлын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна. Энэхүү ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаа нь Оросын төр засаг, ард түмэн энэхүү тэмдэглэлт ойн үнэ цэнийг хэрхэн үнэлж байдгийг харуулж байна. Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд болон Оросын анд нөхөддөө ялалтын баярын мэнд хүргэж, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Түүхт энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арга хэмжээг бэлтгэн зохион байгуулахад хоёр улсын Засгийн газар, цэрэг дайчид,  төрийн болон төрийн бус байгууллагууд, хамтарсан аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт, залуучуудын төлөөлөл идэвх санаачилгатай оролцсонд энэ ялдамд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Одоогоос 75 жилийн тэртээд Монголын дорнод хил хязгаар нутаг Халхын голд болсон байлдаан нь айсуй дэлхийн дайны угтал болсон билээ. Энэ зарлаагүй дайнд хожмын Аугаа их эх орны дайны үеийн домогт жанжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуков болон бусад цэргийн гарамгай удирдагчдын авьяас, ур чадвар тодорсон юм. Монголын ард түмэн аль ч үед маршал Жуковыг хайрлан хүндэтгэсээр ирсэн бөгөөд Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойгоор 1969 онд түүнд БНМАУ-ын баатар цол хүртээсэн нь үүнийг гэрчилнэ. 

Халхын голын тулалдааны үйл явц улирах он цагийн эрхээр энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно. Энэ ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган хамгаалж, Монгол Оросын ард түмний найрамдлыг дайчин нөхөрлөлөөр гагнасан юм. Энэ ялалт Зөвлөлтийн Алс дорнодод дайны аюулыг хазаарлан зогсоож, нэгэн зэрэг хоёр фронт дээр тулдалдахаас сэргийлж чадсан нь маргашгүй түүхэн үнэн билээ.

Халхын голын дайн бидний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг дэлхий дахинд харуулсан. Чухамхүү хүнд цаг үе бүхэнд хамт байсан, эх орны минь тусгаар тогтнолыг олон мянган хөвгүүд, охидынхоо халуун амь, бүлээн цусаар бататгасан Оросын ард түмний ач тусыг бид үеийн үедээ санан дурсаж явах болно.

Би өнөөдөр Халхын голын байлдаанд оролцсон эдүгээ амьд сэрүүн байгаа Монгол, Орос хоёр орны цөөхөн ахмад дайчдын төлөөлөл болох 38 хүнийг Монгол төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Тэдний дотор домогт Жуков жанжны тушаалаар 21-хэн насандаа хорооны дарга болж дайчин нөхдөө удирдан эх орныхоо төлөө баатарлагаар амь хайргүй тулалдаж явсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэн гуайд Монгол Улсын баатар цол олголоо. Баатар маань энэ хүндэтгэлийн зоогт дайчин нөхдийнхөө төлөөлөлтэй оролцож байна. Та бүхэнд хамтын ялалтын баяр хүргэе.

Халхын голын дайны ялалтаар гагнагдсан Монгол Оросын ард түмний дайчин нөхөрлөл, Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд болон 1945 оны Чөлөөлөх дайны үхэлтэй өрссөн өдрүүдэд улам бэхжин баяжсан юм. Аугаа их Эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэн, улаан армид Монголчууд “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриатайгаар өдөр шөнөгүй найдвартай ар тал болон хөдөлмөрлөж, байсан бүхнээ зориулж ирсэн түүхтэй. Тэр үед адуун сүргийнхээ сор болсон хагас сая морийг Зөвлөлтийн дайчдад монголчууд бэлэглэсэн байдаг. Мөн хагас сая тонн гаруй мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулан фронтод илгээсэн юм. Энэ бол холбоотны “Лэндлийз” тусламжаар ирсэн хүнсний бүтээгдэхүүний хэмжээтэй далайцаараа дүйж байсан.

Москвагийн ойролцоо сөрөг давшилтад орсон Зөвлөлтийн армийн нөөц анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн зуун хувь Монголоос бэлэглэсэн дулаан хувцас болох үстэй цэрэг дээл, малгай, бээлий, эсгий гутал өмссөн байсныг архивын баримт гэрчилдэг юм. Аугаа эх орны дайны жилүүдэд ЗХУ-д үйлдвэрлэж байсан 5 шинель бүрийн 1 нь Монгол хонины бэлгийн ноосоор бүтэж байсан юм.

Монгол Улс ЗХУ-ын хувьд дайны үеийн хамгийн чухал стратегийн түүхий эд болох вольфрамыг нийлүүлэгч цорын ганц орон байсан. Монголд вольфрам олборлох хоёр ч уурхай тэр үед өдөр шөнөгүй ажилладаг байсан. Вольфрам хэмээх дайны үеийн чухал түүхий эдгүйгээр дайсны танкийн их бие, хамгаалалтыг нэвтлэх сум хийх боломжгүй байсан гэдэг.

Мөн манай хоёр орны ард иргэд Монголын ард түмний бэлгийн хөрөнгөн дээр үндэслэж байгуулсан Берлин хүрсэн нисэхийн эскадриль, танкын цувааг сайн мэднэ. Аугаа эх орны дайны үед гадаадаас ЗХУ-д ирж байсан нийт тусламжийн гуравны нэг нь Монголын нутгаас, Монголын ард түмний хүч хөрөнгө, хөлс хөдөлмөр, элгэмсэг сэтгэлээр бүтээгдсэн гэдгийг өнөөдөр энд тэмдэглэхэд таатай байна.

Би энэ жишээг дурдахдаа өнөөдөр бүгдээрээ ахмад үеийнхэн шигээ хамтын нөхөрлөл, бүтээн байгуулалтдаа их ололт амжилт олохын төлөө, найрамдал хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэцгээе гэж энд уриалах гэсэн юм. Монгол Улс, ОХУ-ыг газар нутгийн байршил, түүх холбож байгаагаас гадна, биднийг хамтын хувь тавилан, ирээдүй холбож байна. Бидэнд ирээдүйн сайн сайхны төлөө хамтарч хийх ажил их байна.

“Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан” гэж манай зүйр үг байдаг. Үүнтэй адил эрхэм хүндэт Владимир Владимирович Тантай хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар илэн далангуй, ажил хэрэгч, үр ашигтай хэлэлцээ хийсэндээ би туйлын их баяртай байна. Таны энэ удаагийн айлчлал манай хоёр улсын уламжлалт стратегийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улс, ОХУ-тай бүх фронтоор харилцаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөдөр манай Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд  байгуулсан баримт бичгүүд нь холбогдох салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Оросын ард түмний мөнхийн найрамдал мандтугай!

Манай хоёр орны уламжлалт, найрамдалт онцгой харилцаа улам өргөжин бэхжих болтугай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8144
0 эможи
keyboard_arrow_up