Ерөнхийлөгч В.Путинд хүндэтгэл үзүүллээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан түүнийг угтах ёслол Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 14.20 цагаас онцгой үүргийн нислэгээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Тэрбээр гурав дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд айлчлалынх нь үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна УБТЗ-ын нууц гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна. Тэрбээр Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөж байна.