В.Путины айлчлалын үеэр 10 гаруй гэрээ хэлцэлд гарын үсэг зурна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буух хугацаа бага зэрэг хойшилжээ. Төлөвлөснөөр бол түүний хөлөглөсөн тусгай үүргийн онгоц Улаанбаатарын цагаар 12.40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах байсан юм. Гэтэл албаны хүмүүсийн хэлснээр онгоц 14.10 цагт Монголд газардахаар болжээ. Тэрбээр, оройн 18.00 цаг хүртэл албан ёсны ажлын айлчлал хийх юм.
Энэхүү айлчлалын үед хоёр орны Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үр дүнд ОХУ Монгол Улсад буцалтгүй тусламжийн үндсэн дээр цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх, Монголын төмөр замыг шинэчлэх зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж.
Албан ёсны хэлэлцээ 14.10 цагаас эхлэх бөгөөд дараа нь хоёр улсын төрийн тэргүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Айлчлалын үеэр хоёр тал нийт 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол, ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ зэрэг аж.