Ц.Элбэгдорж: Монголын баялаг бол бүтээлч хүн, хүний баялаг бол эрдэм мэдлэг юм
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр хичээл заалаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүд орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.
Энэ удаагийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн Д.Оюунцэцэг багштай 4-б ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.
Хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэн дуугарсны дараа МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Н.Баярмаа ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр теле хичээл заахаар хүрэлцэн ирснийг зарлалаа.
Хөтлөгч Н.Баярмаа: -Эх орондоо ихийг бүтээх иргэд болохоор эрдэм номдоо шамдаж, эрдмийн саруул танхимдаа хуран цугларсан хүүхэд, сурагчид та нартаа уламжлал ёсоор эрдмийн баярын хичээлээ заахаар Монгол Улсын Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн хичээлийн сэдэв “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн”. Энэ хичээлийг заах эрхэм хүндтэй багш Монгол Улсын Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж таныг сурагч хүүхдүүдийнхээ өмнө урин залъя.
/Сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг алга ташин угтав/
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ.
Сурагчид: -Сайн, та сайн байна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч сурагчидтай мэндчилсний дараа Төрийн дуулал эгшиглэж, Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээл эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Их баярлалаа. За сууцгаа, хүүхдүүд ээ. Энэ зун сайхан амарцгаасан уу?
Сурагчид: -Сайхан амарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хаагуур амарсан бэ. Гараа өргөөд хэлэх хүүхэд байна уу. Хэдэн хүүхэд хөдөө амарсан бэ?
Сурагчид гараа өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Ийм олон хүүхэд хөдөө амарсан байна шүү дээ. Ерөөсөө хөдөө яваагүй хүүхэд байна уу? Олон хүүхэд хөдөө явсан, зарим нь яваагүй юм байна. Хөдөө яваад монгол гэрт амьдарсан уу?
Сурагчид: -Амьдарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Монгол гэрт орж үзээгүй хүүхэд байна уу? За тэнд нэг хүүхэд байна. Дараа монгол гэрт орж үзээрэй. Монгол гэрийн хамгийн сайхан нь юу вэ?
Сурагч: -Халуун үед онгойлгодог, сэрүүн үед хаадаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За, өөр нэмж хэлэх хүүхэд байна уу? Их баярлалаа, хүүхдүүддээ. Хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурлагын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
/Сурагчид алга ташив/
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Энэ удаагийн хичээл “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн/Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/”” гэсэн сэдэвтэй. Намайг бага байхад миний ээж надад үлгэр их уншиж өгдөг байсан. Би багадаа үлгэр унших, үлгэр уншуулах их дуртай хүүхэд байлаа. Одоо би та бүхэнд нэг үлгэр уншиж өгье. Их анхааралтай сонсоорой.
“Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнэ ээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан бүгдээрээ амьдардаг байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь модны оройд гэртэй болжээ.
Газар малтах хумс, усанд сэлэх сэлүүр, тэнгэрт нисэх жигүүр хүнд байсангүй. Харин хичээвэл бүхнийг хийж чадах оюун ухаан түүнд заяажээ. Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэг өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ:
- Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болноо гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл олов гэнэ. Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг, өмнийн хадан хавцлаас санаа авч хаалга урлав. Чанх дээр голлосон үдийн нарнаас тооно, тал тал тийш урссан алтан цацрагаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ.
-Түшилдэн ханхайсан уул нуруудын ар өврөөр их салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ. Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож, тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.
Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч амьдрал ингэж удаан үргэлжилсэнгүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэрт орж, хөвгүүдээ тойруулан суулгаад:
-Төрөх нэг өдөр байхад төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө өө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай! гээд өвгөн насан өөд болжээ.
Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Цаг хугацаа өнгөрөх тусам гэрийнх нь бүслүүр суларсаар байж гэнэ. Бие биедээ найдсаар хэн нь ч гэрийнхээ бүслүүрийг чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ.
Ах дүү долоо чамаас боллоо, надаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүүр таарч тохирохоо больж, тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд, хана, унь, хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч ах нар нь харсан зүгтээ одоход, хөөрхий отгон дүүд нь бүслүүрээс өөр юм олдсонгүй.
Ууган хүү нэг газар өөрт ноогдсон хаалгаа босгон амрах гэтэл өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.
Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүүг тасар татчихсангүй. Униа боож, дунд нь хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хайрч хөлдүүс болгох дөхөж гэнэ.
Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран ирцгээв. Тэгээд тэд эв хаваар нь золгуулан гэрээ барьж бүслүүрээ чангалан татлаа.
Тийнхүү долоон хүү өвгөн буурал аавынхаа гэрээсэлж хэлсэн үгний учрыг ухаарч эвийн сүлд болсон өргөө цагаан гэртээ үе дамжин амар сайхандаа жаргажээ.”
“Гэр” гэдэг энэ үлгэрийг бичсэн хүн бол хүүхдийн зохиолч Ж.Дашдондог юм. Ж.Дашдондог гуайн бичсэн үлгэрийг би сая уншиж өглөө. Хичээлээ үргэлжлүүлэхийн өмнө хичээлийнхээ дэгийг эргэж нэг саная. Манай анги өнөөдөр хоёр ангийн сурагчид, багш нартай нийлээд 100 гаруй хүнтэй хичээллэж байгаа учраас асуулт хариултыг богинохон байлгая. Гараа өргөж хариулъя. Хариултаа давхардуулалгүй хэлье. Үлгэртэй холбоотой асуулт асууя. Эхний асуулт.
-Долоон хүүд их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэж хэн хэлсэн бэ? За, тэр хүү хэлье.
“Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч О.Хонгор: -Өвөө гэрийнхээ бүслүүрийг чангал гэсэн. Бүслүүрээ чангалахгүй бол гэр нь нурж унана.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За миний хүү?
Сурагч: -Хүүдээ ухаан оруулах гэж аав нь хэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За тэр охин наашаа хараад хэлээрэй.
Сурагч: - Аав нь долоон хүүдээ их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэж яагаад хэлсэн бэ гэхээр уул ус, ургамал модоо дууриалгаад гэр барьж болно гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За энэ охин?
Сурагч: -Өөрийнхөө амьдардаг гэрээр бага гэрийг бүтээж амьдрахыг хэлж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За хүүхдүүд бүгдээрээ сайн хариуллаа. Бүгдэд нь баярлалаа. Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэсний учир нь их гэр гэдэг нь орчлон дэлхий юм байна шүү дээ. Орчлон дэлхийг дууриайлгаад гэрээ барьж болно шүү гэсэн үгийг өвгөн хүүхдүүддээ хэлсэн байна аа, хүүхдүүд ээ.
Манай өнөөдрийн хичээл “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” гэсэн сэдэвтэй байгаа. Бүтээлч байхын тулд хүүхдүүд бүгдээрээ оролцох хэрэгтэй. Гэр барихад хүртэл бүгдийн оролцоо хэрэгтэй болдог юм байна. Нэг хүн гэр барьж чадахгүй, хэцүү. Гэрийг олон хүн барих хэрэгтэй. Гэрээ хамтарч барих шаардлагатай юм байна. Эндээс гэрийг юуны бэлгэдэл гэж дүгнэж болох вэ?
Сурагч: -Дэлхийн бэлгэдэл.
Сурагч: -Гэр бол монголчуудын бас нэг шинж чанар, онцлог.
Сурагч: -Орчлон, ертөнцийн бэлгэдэл.
Сурагч: -Гэрийг дэлхийгээс сэдэв авч хийсэн. Монгол гэр бол монголчууд бидний шүтэх ёстой, дээр үеэс уламжилж ирсэн гэр.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр бол эв нэгдлийн бэлгэдэл байх нь. Хүмүүс эвтэй байгаад гэрээ тал талаасаа нийлүүлж босгодог. Гэр нь хүний оролцооны бэлгэдэл, хамтын хөдөлмөрийн бэлгэдэл байх нь. Гэр бол бүтээхийн бэлгэдэл байх нь. Өнөөдөр бид бүтээлч монгол хүний тухай ярьж байгаа. Бүгдээрээ бүтээлч, юм хийдэг байя. Гэр бол саяын хүүхдийн хэдлгээр монголын бэлгэдэл, Монгол Улсын бэлгэдэл байх нь ээ.
Хоёр дахь асуулт руугаа оръё. Өвгөн “Яаж аж төрөхийг та нарт гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ чангалж яваарай” гэж хэлсэн. Үүний учрыг яаж тайлах вэ?
Сурагч: -Эвтэй байгаарай гэсэн үг.
Сурагч: -Бүслүүрээ чангалахгүй бол өвлийн цасан шуурганд гэр хийсээд уначихна.
Сурагч: -Бүслүүрээ чангалж явахгүй бол та долоо бүгдээрээ сална шүү гэсэн утгатай.
Сурагч: -Хамт олонтойгоо эвтэй байж муудалцаж болохгүй гэсэн үг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Бүслүүрээ чангалж яваарай гэсэн нь та долоо эвтэй яваарай гэсэн үг юм байна шүү дээ. Их баярлалаа. Бүгдээрээ мундаг хүүхдүүд байна. Өвгөн “Яаж аж төрөхийг гэр чинь зааж өгнө. Бүслүүрээ чангалж яваарай” гэсэн нь та бүхэн эвтэй байгаарай. Эвээ их хичээж, хамгаалж , чангалж яваарай” гэсэн үг юм. Гэр гэдэг бол бидний ахмад үе, өвөг дээдсийн бүтээл юм. Тэр хүмүүсийн ухаан, уран өвөг дээдсийн бүтээсэн зүйл. Гэр бол цагийн шалгуур, байгалийн шалгуурыг даасан Монголын үнэт эрдэнэ юм. Монгол хүн бүр дор бүртээ эвээ хичээж бүтээлч амьдрах ёстой гэсний бас нэг илэрхийлэл юм. Гэрээ хараад тэгж бодож, ойлгож болох юм.
За гурав дахь асуулт руугаа оръё. Дараалаад хариулаарай. Гэрээ салгаж хуваагаад салж амьдарсан ах дүү долоо бэрхшээл зовлон тохиоход юу гэж бодоцгоосон бол?
Сурагч: -Би одоо яана аа. Яаж амьдрах вэ гэж бодсон.
Сурагч: -Бусад маань яаж байгаа бол гэж бодсон.
Сурагч: -Аавынхаа сургаалийг сайн санаж явдаг байж дээ гэж бодсон.
Сурагч: -Хий дэмий салж дээ гэж бодсон.
Сурагч: -Гэрээ салгасан болохоор бидэнд зовлон тохиолдсон гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За сайн байна. Нэг зүйр үгээр хариулах гээд үзье.
Ахмадын сургааль алт. Аавынхаа сургаалийг дагадаг байж дээ гэж бодсон. Ганц мод гал болдоггүй. Ганц ганцаараа амьдраад ажил явдаггүй юм байна гэж бодсон. Хүүхдүүддээ их баярлалаа. За одоо дараагийн асуултад хариулаарай.
Байгалийн бэрхшээл тохиолдохоор хүүхдүүд эргэж ирээд гэртээ амьдарсан. Хүн алдаа гаргаж болно. Хүүхдүүд ч гэсэн алдаа гаргаж болно. Тоогоо алдаатай бодож болно. Гэхдээ алдаагаа ойлгосон бол давтах хэрэггүй. Алдаа бол хүний хамгийн сайн хичээл юм.
Одоо үлгэрээ товчхон сануулъя. Өвгөн буурал аав нь эхлээд хүүхдүүддээ юу гэж хэлдэг билээ? Бүгдээрээ намайг давтаад хэлээрэй. Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно.
Сурагчид давтан хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Орчлонд байгаа бүх зүйлийг дуурайлгаж бодоод, ханаа уулыг дуурайлгаад, дээвэр туургаа тэнгэрийн үүлийг дуурайлгаад хийжээ. Тэгээд өвгөн аав нь хүүхдүүддээ юу гэж захидаг билээ?
Сурагчид: -Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Бүслүүрээ чангалж яваарай. Эвтэй найртай байгаарай гэсэн. Тэгсэн хүүхдүүд нь эвтэй найртай байж чадсан уу?
Сурагчид: -Чадаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Бүслүүрээ чангалсан уу?
Сурагчид: -Чангалаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр нь яасан билээ?
Сурагчид: -Нурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр нь яйжийгаад унасан. Тэгээд ах дүү долоо гэрийнхээ хана, туурга, хаалга, тооно, бүслүүрийг нэг нэгээр нь аваад яасан билээ?
Сурагчид: -Тараад явсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тарж яваад яасан бэ? Зовлон бэрхшээл тохиолдсон, тийм ээ? Зарим нь хүйтэнд осгож үхэх шахсан. Зарим нь халуун наранд яасан билээ?
Сурагчид: -Шатаж үхэх дөхсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зарим нь чононд...
Сурагчид: -Идүүлэх шахсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Ингээд тус тусдаа байж болохгүй юм байна. Эргэж нийлье гээд бүгдээрээ...
Сурагчид: -Нийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Эргэж нийлээд...
Сурагчид: - Гэрээ барьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэрээ бариад, алдаагаа ухаараад эвтэй найртай амьдарч, амар сайхандаа жаргасан. За сайн байна. Манай хүүхдүүд ийм мундаг.
Одоо надад нэг туслагч хүүхэд хэрэгтэй байна. Надад туслах хүүхэд байна уу?
Ийм олон хүүхэд туслая гэж байна. Яагаад та нар надад тусалж чадна гэж бодсон бэ. За тэр хүү хариулаарай.
Сурагч:-Багшдаа тусалдаг шигээ танд туслая гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За дараагийн хүү?
Сурагч:-Хүнд тусалж сайн үйл бүтээе гэж бодсон.
Сурагч:-Манай ангид жижүүр сурагч гэж байдаг. Жижүүр дандаа багшид тусалдаг. Түүнтэй адил танд туслая гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За энэ охин хариулаарай?
Сурагч: -Хэнд ч тусалсан өөртөө зоригтой байх ёстой гэж бодлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Надад нэг л туслагч хүүхэд хэрэгтэй. Та нар надад сонгоход туслаарай. Та нар нэг нэгээ сайн мэднэ шүү дээ. За гурван хүүхэд уралдуулъя. За тэр хүү, энэ охин, бас тэр хүү босоод зогсоорой. Та нар энэ гурвын нэгд саналаа өгөөрэй. Нэг хүүхэд нэг л хүүхдийн төлөө санал өгнө шүү. Хамгийн олон хүүхэд гараа өргөсөн хүүхдийг би авна. За нэг нь тоолно шүү. За энэ охинд 35 хүүхэд гараа өргөлөө. Миний охин шалгарлаа, наашаа гараад ирээрэй. Баяр хүргэе.
Одоо би та бүхэнд хоёр минут өгье. Дуртай зүйлээ хийж болно. Би цагаа харна. Энэ хооронд туслагч бид хоёр ангиасаа гарч нэг юм ярих хэрэгтэй боллоо.
За цаг дууслаа. Манай охинд микрофоноо өгөөрэй.
Туслагч сурагч: -Энэ хоёр минутад хүүхдүүд юу хийв?
Сурагч: -Хоорондоо юм ярьсан.
Сурагч: -Та хоёрыг юу ярьж байгаа бол оо гэж бодсон.
Сурагч: -Одоо юу хийх гэж байгаа бол доо гэж бодсон.
Сурагч: -Гэрээ дуурайлгаж зураг зурах гэж байсан.
Сурагч: -Амараа бид хоёр сая гар барилдсан.
Сурагч: -Зүйр цэцэн үг бодсон.
Сурагч: -Орж ирээд юу асуух бол доо гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна. Ийм бүтээлч хүүхдүүд байна. Дараагийн асуулт юу билээ?
Туслагч сурагч: -Багш нар энэ хооронд юу бодсон бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Манай багш нар өнөөдөр бас сурагч болж байгаа. Багш нар хоёр минутад юу бодсон бэ?
Багш: -Хүүхдүүд маань юу бодож байгаа бол доо гэж бодсон.
Багш: -Ерөнхийлөгч хичээлээ цааш яаж үргэлжлүүлэх бол доо гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Дараагийн асуултаа хэнээс асуух вэ?
Туслагч сурагч: -Боловсрол, шинжлэх ухааны сайд та юу бодсон бэ?
Сайд Л.Гантөмөр: -Би таныг хоёр минутад дуртай зүйлээ хийгээрэй гэж хүүхдүүдэд хэлэхдээ юу хийхийг хүүхдүүдэд чиглүүлж өгсөн бол сайн байлаа гэж бодсон. Үлгэрийнхээ тухай, хичээлийнхээ тухай ч юм уу тодорхой чиглэл өгөөд гарахгүй дээ гэж бодлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хүүхдүүд сая чөлөөт минут байна гэхээр үнэхээр чөлөөтэй бодсон байсан. Зарим нь зүйр цэцэн үг бодсон байна лээ. Зарим нь гар барилдсан. Зарим нь зураг зурсан, оньсого таалгасан байна. Зарим нь үлгэрээ бодсон байна. Сая чөлөөтэй орхисноор хүүхдүүд бага боловч хугацааг өөрсдийнхөөрөө бүтээлч ашигласан байна.
За одоо би таавар таалгая гэж бодож байна. Гурван тааврын нэг нь дэлхийн үйл явдалтай холбоотой. Энэ жил дэлхийд спортын хамгийн том, хамгийн олон хүн оролцсон ямар үйл явдал болсон бэ?
Сурагч: -Өвлийн олимп Сочи хотод болсон.
Сурагч: -Хөлбөмбөгийн тэмцээн болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээн хаана болсон билээ?
Сурагч: -Бразильд болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Бразилийн баг яасан билээ?
Сурагч: -Бразилийн баг хожигдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Түрүүлээгүй. Хэнд хожигдсон билээ?
Сурагчид: -Германы багт хожигдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Та нарын ихэнх хөлбөмбөг үзсэн юм байна шүү дээ.
Сурагчид: -Үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Ямар учраас Бразилийн баг Германы багт хожигдсон бэ?