Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл заав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.
Энэ удаагийн хичээлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн Д.Оюунцэцэг багштай 4-б ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Гэр” үлгэрээр сэдэвлэн сурагчдад бүтээлч, хамтач байхын үлгэр дуурайллыг сургамжлан, харилцан ярилцаж хичээлээ явууллаа.