Ц.Элбэгдоржийн Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн зоог дээр хэлсэн үг
Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга аа,
Эрхэмсэг хатагтай Пөн Ли-юань,
Хүндэт зочид оо,
Хатагтай, Ноёд оо,
Монгол Улсад Төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён мөн эрхэмсэг хатагтай болон Таныг дагалдан яваа нийт төлөөлөгчид Та бүхний энэ оройн амгаланг айлтгаж, манай оронд тавтай саатан морилохыг дахин ерөөе.
Та өмнө нь БНХАУ-ын дэд даргын хувиар Монгол Улсад айлчилж байсан, манай улсыг сайн мэддэг, манай ард түмний сайн анд нөхөр билээ. “Анхны уулзалтаар танилцдаг, ахиж уулзахдаа андын ёсоор золгодог” гэсэн хятад ардын зүйр үг байдаг. Та 2008 онд Монголд анх зочны ёсоор ирж байсан. Хангай дэлхий хур бороо хайрласан энэ өдөр Та хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан манай улсад Монголын ард түмний сайн анд нөхрийн хувиар болон БНХАУ-ын даргын хувиар төрийн анхны айлчлалаар ирж байгаа нь гүн билэгдэлтэй юм.
БНХАУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Та бүхэн сайн мэднэ. Өнөөдөр Монгол, Хятадын сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд бүхий л салбарт шинэ агуулга, хэлбэрээр баяжин, гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглалд Та бид өнөөдөр гарын үсэг зурсан нь Монгол Улс, БНХАУ-ын ирээдүйн он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчим, цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна. Түүнчлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлэх, аливаа асуудлыг нээлттэй, итгэмжилсэн байдлаар харилцан ярилцаж, шийдвэрлэж байх өргөн боломжийг бүрдүүлж байна. Энэ баримт бичиг Монгол Улсад хийж байгаа Таны айлчлалын онцгой ач холбогдлыг илэрхийлж байгаа бөгөөд үүгээрээ хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна.
Эрхэмсэг ноён дарга аа,
Хатагтай, ноёд оо,
Та бидний албан ёсны хэлэлцээ, уулзалт ажил хэрэгч, харилцан итгэсэн, найрсаг дотно уур амьсгалд болж, хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэх бидний нийтлэг чин эрмэлзлийг нотлон харуулсанд баяртай байна.
Өнгөрсөн онд Хятадын төр, засаг хөрш улс орнууддаа чиглэсэн гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тусгайлан хуралдаж онцгой бодлого тодорхойлсныг БНХАУ-ын чухал хөршийн нэг болсон Монгол Улс, Монголын төр засаг, олон нийт анхааралтай ажиглан харж ирсэн. Уг бодлого ч амжилттай хэрэгжиж эхэлж байгааг бид харж байна.
Шинэ шатанд дэвшин гарч байгаа Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэхийн төлөө энд морилон ирсэн Та бүхэнтэй бүх түвшинд нягт хамтран ажиллахад бид бэлэн байна. Үүний тод илэрхийлэл нь өнөөдөр манай Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан олон арван баримт бичгээр нотлогдож байгаа юм.
2020, 2050 оны өндөрлөгөөс эх орныхоо сэргэн мандлыг харж Таны төлөвлөсөн “Хятад мөрөөдөл” хэмээх алсыг харсан хөгжлийн хөтөлбөр нь хөрш улсуудад ч боломж олгож байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол зүйр үгийн агаараар бид Та бүхэнтэй ойр нягт хамтран замнаж, хамтдаа хөгжихийг хүсч байна. Монгол Улсад, монголчууд бидэнд ч өөрийн сонгосон зам, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл бий.
Таны дэвшүүлсэн БНХАУ-аас хөрш орнууддаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээмжтэйгээр хандах” гэсэн бодлогод бид талархдаг. Мөн манай хоёр талын хамтын ажиллагаанд “Монгол Улсын эрх ашгийг илүүтэй бодох ёстой” гэсэн таны зарчмын байр сууринд манай төр, ард түмэн баяр хүргэж байна. Мөн Эрхэмсэг дарга Таны өнөөдөр манай улсын хэвлэл мэдээлэлд зориулж бичиж нийтлүүлсэн тэргүүн өгүүлэлд байгаа хоёр орны харилцааны талаарх “хариуцлагатай, харилцан ашигтай, найрсаг, энхийн төлөө түнш байя” гэсэн Таны цаг үеэ олсон чухал санаачлагатай би санал нэг байна.
Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АСЕАН), Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) зэрэг олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт энэ ажил хэрэгч уламжлалаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна.
Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайвныг сахиулж, эдийн засгийн болон бусад салбарт хувь нэмэр оруулж идэвхтэй оролцогч байхыг зорьж байна. Монгол Улсын дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг эхнээс нь дэмжин хамтран ажиллаж байгаа БНХАУ-ын удирдлагад гүнээ талархаж явдгаа энд илэрхийлье. Мөн Монгол Улс, БНХАУлс, ОХУлсын гурван талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын тухай миний санаачлагыг ойлгон хүлээн авч байгаад баяртай байгаагаа тэмдэглэе.
“Хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж таньдаг” гэж манай ард түмэн хэлэлцдэг. Би Эрхэмсэг ноён дарга Тантай олон удаа уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж байсан. Та Монгол Улсын дэвшүүлж ирсэн санал санаачлагад байнга хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдэх дэмжихийн тулд чин сэтгэлийн туслалцаа үзүүлж байдагт гүн талархлаа дахин илэрхийлье.
Манай хоёр орны ард түмний төдийгүй, хоёр орны удирдлагын хооронд элгэмсэг дотно, итгэмжилсэн, нөхөрсөг харилцаа өргөжиж байгаад би баяртай байна.
Энэ хундагыг:
- Мянга мянган жилийн түүхтэй Монгол, Хятад орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн сайхан ирээдүйн төлөө,
- БНХАУ-ын хөгжил цэцэглэлт, хятадын найрсаг ард түмний сайн сайхны төлөө,
- Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпин Таны эрүүл мэндийн төлөө,
- Эрхэмсэг хатагтай Пөн Ли-юань Таны эрүүл мэндийн төлөө,
- Энд хуран цугласан хатагтай, ноёд Та бүхний эрүүл энх, сайн сайхны төлөө өргөхийг зөвшөөрнө үү.