Ц.Элбэгдорж: Та бүхэн өмнө нь ээж аавын хүү байсан бол одоо эх орны хүү болж байна

2014 оны 8 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер ахлагч нараа,

Эрхэм хүндэт дайчид, оюутан цэргүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Өнөөдөр та бүхэн эр цэргийн тангараг өргөлөө. Эх орныхоо төлөө тангараг өргөснөөр Та бүхний жинхэнэ цэрэг болох үйл явц эхэлж байгаа. Цаашид Та бүхэн дуудсан цагт бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага, шалгуурын дагуу жинхэнэ цэргийн алба хаасанд тооцогдоно.

Цэргийн тангараг өргөнө гэдэг бол зүгээр нэг ёслол биш. Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоор багтдаг. Учир нь цэргийн тангараг эх орны үнэтэй, цэргийн тангараг амины үнэтэй. Түүнийг зөрчих, тангаргаасаа няцах эрх хэнд ч байхгүй. Би энэ үгийг тангараг өргөсөн цэрэг хүний хувьд хэлж байна.

Би бол Монгол хүн бүр цэргийн алба хаах ёстой гэж боддог. Энэ бодлого амжилттай хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.  Өнөөдөр Та бүхэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхдагчид боллоо. Энэ хөтөлбөрийг цаашид улам сайжруулах, улам өргөжүүлэх болно. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль тогтоомжид ч шаардлагатай зохицуулалтууд хийгдэх болно.

Оюутан цэрэг хөтөлбөрийг манай иргэд, эцэг эхчүүд, олон нийт болон оюутнууд өөрсдөө маш их дэмжиж хүлээж авсан. Үнэхээр их эрэлт хэрэгцээ, хүлээлт дүүрэн байгаа.

Та бүхэн Оюутан цэрэг хөтөлбөрөөр амьдралд хэрэгтэй хамгийн чухал зүйлсэд суралцаж байгаа. Дэг журам, бие биедээ туслах, олонтойгоо эетэй ажиллаж амьдрах ухаан, хүний үгийг даах чадвар, тэвчээртэй байх, сахилга зохион байгуулалт гээд олон чухал чадваруудад суралцаж байна. Энэ бол хамгийн чухал амжилт юм.

Та бүхэн өмнө нь ээж аавын хүү байсан бол одоо эх орны хүү болж байна. Энэ бол иргэн хүн бүрийн эзэмших ёстой, дээдлэх ёстой зүйл. Эх орноо хайрлах гэвэл эр цэргийг хайрлах хэрэгтэй. Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ бэлтгэх хэрэгтэй. Эх орноо хайрлая гэвэл эр цэрэг болох хэрэгтэй, цэргийн алба хаах хэрэгтэй.

Та бүхэн эх орон гэдэг хосгүй үнэт ойлголтыг энэ богинохон хугацаанд сайн ойлгосон гэж итгэж байна. Эх орноо хамгаалахад суралцах, эр цэрэг байх бол монгол хүн бүрийн давах ёстой даваа. Монгол хүн бүрийн эзэмших ёстой сургууль юм. Ийм байдлаар цаашид энэ хөтөлбөр өргөжих болно.

Та нарын ойр дотны хүмүүс, эцэг эх, гэр бүл, найз нөхөд тань та бүхнийг хоёр сарын дотор ямар хурдан өөрчлөгдөж болдгийг харж байгаа. Цэргийн албанд мордоогүй найз нөхдөөсөө яаж өөрчлөгсдөнийг ч харж байгаа.

Цаашид оюутан цэрэг хөтөлбөр өргөжих болно. Мэргэжил, сургалт- үйлдвэрлэлийн төвийн сургалтыг ерөнхий цэргийн сургалттай хослуулах, МСҮТ-ийг төгсөхдөө ерөнхий цэргийн эрдэмд суралцаад төгсдөг байх талаар бид төлөвлөж байна. Ингэж чадвал бид жил бүр МСҮТ-ийг төгсөж байгаа мянга мянган иргэнээ эх орноо батлан хамгаалах чадвартай болгох боломжтой. Энэ ажлыг бид саяын оюутан-цэргийн хэлснээр аймаг, хөдөө орон нутаг, хот дүүрэг бүхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ бол эхний алхам. Цаашид энэ бодлого улам өргөжиж, улам чамбайрна. Оюутан цэрэг хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжтойг бид бас харж байна. Мөн “Оюутан цагдаа”, “Оюутан хилчин”, “Оюутан аврагч” гээд тодорхой шалгуур хангавал цэргийн алба хаасанд тооцож болох олон хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой. Гол зарчим нь дээрх хөтөлбөрүүдэд оролцогчид нь цэргийн эрдэмд суралцахад тавигдах шаардлага, шалгуур, цаг хугацаа, бүгдийг хангасан байх ёстой. Эх орон дуудсан цагт Та бүхэн бэлэн байх ёстой.

Ингээд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхдагчид болсон нийт дүү нартаа, залуустаа чин сэтгэлийн баяр хүргэе. Мөн та бүхний аав ээж, ойр дотныхонд баяр хүргэе.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхийлэн оролцсон баг хамт олон, офицер, бага дарга нар болон БХЯ, ЗХЖШ, оюутны байгууллагын удирдлага, холбогдох хүмүүст талархал дэвшүүлье.

Сайн үйлс эхэлсэн байхад олны дэмжлэгээр эрчээ авдаг учиртай. Тийм байдлаар энэ хөтөлбөр цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байна.

Та бүхэнд баярлалаа. Хурай дайчид аа” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7015
0 эможи
keyboard_arrow_up