Их зохиолч Д.Нацагдоржийн нэрийг эрдэм сурсан Герман оронд нь мөнхлөв

2026 оны 10 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчлах үеэрээ Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.

Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.

Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.

Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.

Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.

Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Arslan.mn

Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.

Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.

Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.

Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.

Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.

Arslan.mn

Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.

Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.

Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671191
1 эможи

keyboard_arrow_up