Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй “МОНГОЛ АДУУЧИН” үндэсний чуулган эхэллээ

2026 оны 5 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй “МОНГОЛ АДУУЧИН” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Адуучдын нэгдсэн зөвлөгөөнд 21 аймаг, сумдаас нийт 800 адуучдын төлөөлөл оролцож байна. 

Зөвлөгөөнд бүх адуучдын, уяачдын холбоодууд, эмэгтэй адуучдын “Монголжин” холбооноос гадна адуучин 9 хөдөлмөрийн баатрын төлөөлөл, үр хүүхдүүдээс нь урилгаар оролцож байна. Мөн адуучдыг ажлын байраар давхар хангах боломжийг бүрдүүлэх, адуун соёлыг дэлгэрүүлэх зорилгоор морин хуур урлаачдын холбоо, дархчуудын холбоо дэмжин оролцож байна. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий даяар нийт 57.0 сая гаруй толгой адуу байна. Үүний 8.9 хувь буюу 5.1 сая толгой адууг Монгол Улсад өсгөн үржүүлж байна. Монгол Улс адуун сүргийн тоогоор дэлхийд 4-р байрт ордог бол нэг хүнд ногдох адууны тоогоор тэргүүлдэг. 

ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад адуун соёлын эх ундаргатай монгол наадам, морин хуур болон хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт болсон 10 мянган морьтны жагсаал, 4000 хурдан морины уралдаан “Нэг дор хамгийн олон морьтон цугларсан, хамгийн олон морь уралдсан” гэдэг дээд амжилт тогтоон Гиннест бүртгүүлсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2025 оны хуралдаанаар “Дэлхийн адууны өдрийн тухай” 79 дүгээр тогтоолыг дэмжин баталсан нь нүүдэлчин ард түмний үр сад, морьтон монголчуудын хувьд магнай тэнийлгэсэн сайхан мэдээ байлаа. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай” 100 дугаар тогтоолыг батлан гаргасан юм. Үндэсний их баяр наадмын хүрээнд анх удаа өргөн дэлгэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрийг угтаж “Монгол адуучин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь  чухал ач холбогдолтой юм.  

Адуучин 9 хөдөлмөрийн баатрын товч танилцуулга, хөдөлмөрийн баатар цол олгосон огноо : 

  1. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Ойдовын Цэвэлдорж. (1961.07.05)
  2. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Увс аймгийн Завхан сумын иргэн Галдандаваагийн Шагдарсүрэн. (1961.8.25)
  3. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Намхайн Ичинхорлоо. (1965.07.09)
  4. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн Одсүрэнгийн Мажиг (1976.06.07)
  5. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Санзайн Шарбаньд (1976.06.07)
  6. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Лутын Гангиа (1989.11.11)
  7. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн Ламжавын Бямбадорж (1991.07.03)
  8. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, 20 дугаар зууны манлай уяач, Монгол Улсын Тод Манлай Уяач Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Данзаннямын Даваахүү (2013.02.09)  
  9. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод Манлай Уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Онон
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669029
0 эможи

keyboard_arrow_up