“Үндэсний НОГООН ЛАБ“ платформ байгаль орчинд ээлтэй, “ногоон“ төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчидтай холбоно

2026 оны 5 сарын 20

Arslan.mn

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалт 2026.05.18-ны өдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан оролцож, "Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагаа, хэрэгжилтийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан "Үндэсний НОГООН ЛАБ" платформыг Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй бөгөөд байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэж байгаа юм. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой энэхүү платформ 135 төсөл хүлээн авсан бөгөөд дараагийн шалгаруулалтууд шат дараатай үргэлжилж буй юм.
COP17 бага хурлын үеэр "Үндэсний НОГООН ЛАБ" платформын шалгаруулж, бойжуулсан Монголын ногоон төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцуулсан юм.
СОР17 Үндэсний хорооны Ажлын алба, МҮХАҮТ болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан тус уулзалтад хувийн хэвшил болон олон улсын төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцлоо.
Мөн зөвлөлдөх уулзалтын үр дүнд дараах уриалгыг гаргав. Тус уриалгад:
"Тогтвортой хөгжил бол зөвхөн төрийн бодлого биш юм. Энэ бол өрсөлдөх чадварын шинэ шалгуур, хөрөнгө оруулалт татах үндсэн нөхцөл, бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлын стратеги юм. Иймд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний Удирдах зөвлөл болон нийт гишүүн байгууллагуудын өмнөөс Монголын нийт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад дараах УРИАЛГЫГ дэвшүүлж байна:
• Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг байгууллагынхаа стратеги, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын салшгүй хэсэг болгоё;
• Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлье;
• БОНЗ (ESG)-ын ил тод тунгалаг тайлагнал, ёс зүй, хариуцлагатай засаглалыг хэвшүүлье;
• Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хэмжиж, хянаж, бууруулж, эрчим хүч, ус, байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлье;
• Тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн тогтвортой үйлдвэрлэл, инновацыг эрчимжүүлэхийг уриалж байна.
Өнөөдрийн хамгийн том эрсдэл бол өөрчлөлтөөс хоцрох явдал юм” гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668989
0 эможи

keyboard_arrow_up