Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.


Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.


Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.
Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.
Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог.



