Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа.

Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрчээ.

Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 онд Засгийн газрын тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулсан байна.

Тус хүрээлэн нь Хүнсний химийн, Реологийн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн, Багажит анализын, Молекул биологийн лабораторитой.

Энэ сан нь хүн амын хоол, шим тэжээлийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд суурь өгөгдөл болохоос гадна хүнсний экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний агуулга, шим тэжээлийг бодитоор үнэлэн үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэж үздэг байна.

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор М.Пүрэвжав "Манай улс орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн INFOODS олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй.

Иймээс хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх, өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлага бий" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан зориулалтын байртай болгоход онцгой анхаарахаа илэрхийллээ.   

Дэлхийн орнуудад хүнс, хоол, түүний шим тэжээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төрийн дэмжлэг дор ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668403
0 эможи

keyboard_arrow_up