Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд эрх мэдэл нэмэгдүүлэх, гишүүнийг шууд эгүүлэн татах зохицуулалт байхгүй

2026 оны 4 сарын 12

Arslan.mn

Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг парламентын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар гарч буй ташаа ойлголтуудад тайлбар өглөө.

Уг хуулийн төсөлд дараах агуулгууд огт тусгагдаагүй байна.

 Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлэх тухай ойлголт – ҮНДЭСГҮЙ

- Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид шинэ эрх мэдэл олгох, эсвэл УИХ-ын гишүүнийг өөрийн шийдвэрээр эгүүлэн татах ямар нэгэн зохицуулалт байхгүй гэдгийг онцоллоо.

 Үндсэн хуулийн цэц гишүүнийг өөрөө санаачлан эгүүлэн татах эрхгүй

- Үндсэн хуулийн цэц нь зөвхөн гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Харин гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргах эрх Цэцэд байхгүй бөгөөд энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүнийхээ олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Намын дарга гишүүнийг дангаараа эгүүлэн татах боломжгүй

Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын дарга, намын удирдлага дангаараа гишүүнийг эгүүлэн татах эрхгүй. Харин намын дээд байгууллага санал гаргаж болох ч уг асуудлыг УИХ нээлттэй хэлэлцэж, УИХ-ын ёс зүйн дүрмийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай гэж тайлбарлав.

Шийдвэр гаргах бүрэн эрх УИХ-д бий

Ц.Ганзоригийн онцолсноор, хуулийн төслийн агуулгыг хэлэлцэх, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурлын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм. Мөн уг хуулийн төсөлтэй холбоотой санал зөрөлдөөн, байр суурийн ялгаа нь ардчилсан парламентын хэвийн үзэгдэл бөгөөд эрүүл, үндэслэлтэй мэтгэлцээн өрнөх нь хуулийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ

- Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг зөвхөн УИХ гаргана.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668372
0 эможи

keyboard_arrow_up