Канад, Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо.
Харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг харилцан ашигтай салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд С.Дауст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.
Монгол, Канад Улс 1973 оны 11-р сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.
Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Элчин сайд Мохсен Бахтиар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.









