Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны есдүгээр сарын 17-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.
Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 болон 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэлээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоолыг нийцүүлэх нь зүйтэй хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт энэ хуулийн 46.4-д заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн.
Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.









