ФОТО: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож, хүндэтгэл үзүүлж байна
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сарын шинийн баярын өглөө 08:25 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.
Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, модон могой жилийн өнгийг хэлэлцэв.
Түүнчлэн сар шинийн баярын өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, алдарт эх, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбарыг төлөөлсөн 82-101 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.









