У.Хүрэлсүх: Их хаан шиг өнгөрснөө мэдэж, өөрийгөө мэдүүлж, ирээдүйгээ мэдэрдэг Эзэн хаан хүмүүний түүхэнд цөөхөн мэндэлсэн
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.
Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Дэлхийн Мянганы суут хүмүүн, хаадын хаан Их эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон Алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг Их хааны өргөөнд дээдлэн залах ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэнд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
“Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын тэргүүн өдрийн наран мандах энэ мөчид хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд шүтээн Их эзэн Чингис хааны алтан биеийг бүтээж, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөг ийнхүү ёслол төгөлдөр нээх түүхэн үйл хэрэг тохиож байна.
Мөнх тэнгэр монголчууд бидэнд агуу их суу билигт, хаадын хаан Их эзэн Чингис хааныг заяасан билээ.
Их эзэн Чингис хаан бол Монголын түүхэнд төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан юм.
Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г үүтгэн тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, өрнө дорныг холбож, худалдаа арилжаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж, өнөөгийн дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан билээ.
Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.
Их хаан шиг өнгөрснөө мэдэж, өөрийгөө мэдүүлж, ирээдүйгээ мэдэрдэг Эзэн хаан хүмүүний түүхэнд цөөхөн мэндэлсэн.
Монголчууд бид монгол үндэстний оршин тогтнохуйн баталгаа, оюун санааны эх ундарга болсон ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ. Тиймээс бид хүн төрөлхтний суут хүмүүн, хүчирхэг их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай.
Өнөөдрийн энэхүү өлзий бэлгэт сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс ХХ зууны эхэн үе хүртэлх Монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан Их өргөөний магнайд Их эзэн Чингис хаан таны орд өргөөг бэлгэдсэн Их хааны өргөөг байгуулан, өнө мөнхөд бахархан хүндлэх Алтан хөшөөг тань их амар амгаланг бэлгэдсэн Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байгааг Их хаан Та соёрхон таална уу.
Их эзэн Чингис хааны энэхүү алтан хөшөөг монгол урчуудын ур ухаанаар урлагийн өлгий нутаг Италийн Флоренц хотноо монгол алтаар урлан бүтээж, монгол түмний хүндлэл ёслолын их баяр сар шинийн бэлгэт сайн энэ өдөр Их хаан таныг өндөр сэнтийд тань залж, өргөл цацлаар тайх их хувь заяа өргөн олон монголчууд бидэнд тохиож байна.
Их эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.
ИХ ХААНЫ ӨРГӨӨ
Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал, бэлгэдлийн гүн утга, агуулгыг шингээн, түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, археологийн баримтуудад тулгуурлан байгуулжээ. Монгол гэрийг бэлгэдсэн өргөөг нар, сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж буусан байдлаар урлажээ.
Лувсанданзаны Алтан товч сурвалжид “Онон мөрний тэргүүнээ есөн хөлт цагаан тугаа байгуулж хаан их ор суувай. Чингис хаан нэр өгсөн нь харавтар шувуу өрхний дээр сууж Чингис, Чингис хэмээн дуугарснаар Чингис хаан” хэмээн нэрлэсэн тухай өгүүлсэн байдаг.
Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буйгаар бүтээсэн байна. Хааны баруун гар талд монголчуудын шүтээн, энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулжээ.
ЧИНГИС ХААНЫ АЛТАН ХӨШӨӨ
Монголчуудын түүхэн эх сурвалж, Эзэнт гүрний төрт ёсны уламжлалд тулгуурлан алтан хөшөө бүтээх нь Их хааныхаа түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эрхэм үүргийн нэг.
Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.
Хөшөө нь монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тиг болох тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бөгөөд хөшөө, Их Монгол Улсын алтан тамга, Их хааны сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурь зэргээс бүрдэнэ.
Их хааны “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардастай, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.
Сэнтийний төв хэсэгт Чингис хааны онги тамгатай наран, салхины угалзарсан дүрс бүхий саран, Чингис хааны бадраасан аугаа үйлсийг илэрхийлсэн салхинаас бадамлан урган гарч буй галын дүрслэл бий.
Энэ нь Их хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр, улс үүрд оршихыг бэлгэджээ.
7 метрийн өндөртэй хөшөөг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд Их хааны эш хөрөгт тулгуурлан Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулсан үе, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс байдлыг зохиомжлон бүтээсэн байна.
Их хааны дээл хувцас тэргүүтнийг түүхэн эх сурвалж, археологийн малтлага судалгаагаар олдсон баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлажээ.
Тухайлбал, эш хөрөгт дүрсэлсэн малгай, богино ханцуйт гадуур дээлтэй, тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээ бүхий дотуур дээлтэй, угалз хээгээр чимэглэсэн хавтага, хааны онги тамга бүхий хутга, өсөн дэвжихийн бэлгэдэл ургамлан угалз хээт алтан бүстэй, эгэл хийцтэй арьсан гуталтайгаар урласан байна.
Их хааны сэнтийг Бурхан Халдун уулын угалзарсан дүрст орой, мөнх тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээт эмжээр, одод эрхэсийг бэлгэдсэн шувуун дүрст болон түмэн наст хээгээр чимэглэжээ.
Хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна. Их эзэн Чингис хааны хөшөөний эх загварын “бүтээл ашиглах онцгой эрх”-ийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу Монголбанк эзэмшиж байгаа юм.









