ШУУРХАЙ: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт ХОРИГ тавихаар болжээ
УИХ энэ сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Ингэхдээ төсвийн нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, алдагдал 1.9 их наяд байхаар баталсан юм. Харин урсгал зардлыг 24.5 их наядаас бууруулах УИХ-ын гишүүдийн шаардлагын хүрээнд төсвийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тодотгох УИХ-ын тогтоолыг хамт баталсан. Улмаар УИХ төсвийн төслүүдийг ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ долоо хоногт хүргүүлжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болсон талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын 2025 оны төсвийн талаар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өгөхөөр болсон байна.
Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавих эсэх шийдвэр гаргах бөгөөд энэ хугацаа энэ сарын 22-нд дуусгавар болох юм.
Үнэхээр ч зарим сайдын багц даварсан л тоо хэмжээтэй байна. “…Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л бий” гэдэг шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээж авбал тэдгээрийг засч танахад хэрэг тусаа өгнө гэдгийг олон ч хүн хэлж буй.