Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.
Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлж байна.
“Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид мод тарилаа.