Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирлээ.
“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.
Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.
Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.
Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.









