Алдарт эхийн одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдэх нь
Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөж буй ээжүүдэд Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулдаг. Энэ жилийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэлсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одонг нь гардуулах үеэрээ хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилгаар Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газраас ажиллаж байгаа хэмээн онцлов.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулиар өнөөдөр одонтой ээжүүдэд жилдээ нэг удаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа юм. Энэ нь өмнөх оноос 526-аар өссөн бол одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.