О.Хангай аваргын хүсэлтээр Алдарт эхийн одонг олгохоор болов

2024 оны 5 сарын 13

Arslan.mn

О.Хангай аварга нь 2024 оны гуравдугаар сард "Алдарт эх"-ийн одонгийн асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр "Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Эхнэр маань дөрвөн хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа" гэсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”  гэж тус тус заасан.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Ингэхдээ бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгодог юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. Иймд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төсөл хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656930
2 эможи

keyboard_arrow_up